Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намыг орон нутгийн сонгуулиас түдгэлзүүлсэнтэй холбогдуулж, тус намаас Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тэд "Монголын ардчилалд аюул тулгарлаа" хэмээн мэдэгдэж байна.
ХҮН-ын дарга Б.Найдалаа:
-ХҮН-д ямар ч дотоод зөрчил байхгүй. Бид ирээдүйгээ наймаалцдаггүй. Сонгуульд сонгогдохын төлөө нэг хогийн саванд ороогүй учир шүүхээс ийм шийдвэр гаргалаа. Энэ бол бидний асуудал ч биш, таны үр хүүхдийн ирээдүйн асуудал болчихлоо. Монголд зөв зүйл гэж байхгүй болжээ.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын УЗ-ийн дарга Т.Доржханд:
-ХҮН иргэд, сонгогчдоос дэмжлэг их авч байна. Бусад намууд "эд бидний байр суурийг эзлэх нь" гэсэн айдас байна. Ерөнхийлөгчийн сонгууль албан бусаар эхэлчлээ. Иргэдийн сонгох эрхэд шууд халдаж байна. Иймд бид иргэдэд сонгох эрхийг нь өгнө. Монголын ардчиллыг аваръя.
Шүүхээс шийдвэр гарч нэр дэвшигчийн үнэмлэх олгох ажиллагааг царцаачихлаа. Шүүх хурлыг 30 хоногийн дотор зарлана гэнэ ээ. Өөрөөр хэлбэл, сонгууль дууссаны дараа хурлаа зарлах юм байна. Тэр үед бидний зөв байсныг зарлах юм байна гэж бид ойлгож байгаа.
2016 оны УИХ-ын сонгуульд хууль, хүчний байгууллагыг оролцуулан биднийг сонгуулиас хассан. Хоёр дахь удаагаа ийм юм гэж байхгүй шүү.
ХҮН-ын ЕНБД Д.Гантулга:
-Баянхонгороос гаралтай А.Насандэлгэр гэдэг шүүгч өчигдөр шийдвэр гаргаж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн. Сонгуульд оролцуулахгүй байна гэдэг төрийн эрхийг хууль бусаар авч байгаа хэлбэр. Бид 24 цагийн хугацаатай шаардлага өргөн барина. Хэрэв үүнийг биелүүлэхгүй бол бид өлсгөлөн зарлана.
-Танай намын гишүүн Нийслэлийн СЕХ-нд гомдол гаргаж өгсөн юм биш үү?
-Манай намын гишүүн байсан. Одоо МАХН-ын гишүүн болсон Зоригтбаатар гэдэг нөхөр гомдол гаргасан байсан. Энэ бүхний цаана С.Ганбаатар гэж хүн бий. Тэр хүний хамаатан садан энэ ажлыг хийсэн. Ардчилсан намын оролцоо ч байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.