Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахын тулд хагас сая аварга загас нядлагдаж магадгүй хэмээн зэрлэг ан амьтдын мэргэжилтнүүд мэдэгдэв.
Аварга загасны элэгнээс гаргаж авдаг "Скуален" хэмээх байгалийн гаралтай тос нь эм тангийн зориулалтаар өргөн хэрэглэгддэг бөгөөд мөн вакцины үр нөлөөг нэмэгдүүлэхэд туслах бодис болгон ашиглагддаг байна. Үүний улмаас энэхүү тосыг коронавирусийн туршилтын вакцинд ч ашиглаж байгаа юм.
Хэрэв скуален агуулсан вакцин батлагдан, дэлхий даяар үйлдвэрлэгдэж эхэлбэл хүн бүрийг нэг тунгаар хангахын тулд нийт 250 мянган аварга загас алагдах болно гэж дэлхийн байгаль хамгаалагчдын "Shark Allies" нийгэмлэг үзэж байгаа юм. Мөн хүмүүс Ковид-19-ийн эсрэг бүрэн дархлаатай болохын тулд вакциныг хоёр удаа хийлгэнэ гэж үзвэл нядлах шаардлагатай аварга загасны тоо хоёр дахин нэмэгдэх болно.
"Shark Allies"-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Стефани Брендл "Зэрлэг амьтдаас ямар нэгэн зүйл хураах нь хэзээ ч удаан хугацаанд тогтвортой байх боломжгүй. Ялангуяа хэрвээ энэ нь асар олон тоогоор үрждэггүй, томоохон махчин амьтан бол" хэмээсэн аж.
Тэрээр үргэлжлүүлэн "Бид вакцины үйлдвэрлэлийг удаашруулж, саад тотгор учруулах гэж байгаа юм биш. Бид зүгээр л амьтны гаралгүй скуалены туршилтыг зэрэг хийн, аварга загаснаас гаргаж авдаг скуалены хэрэглээг аль болох хурдан орлуулахыг хүсэж байна" гэжээ.
Эх сурвалж: The Mirror
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.