Японы алдартай жүжигчин бүсгүй нас барсан байдалтайгаар гэрээсээ олдсоныг мэдээлжээ. Энэ жил 40 настай Юко Такэүчи нь амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж цагдаа нар анхан шатны мөрдлөгийн дүнгээр танилцуулсан байна.
Такэүчи нь хоёр хүүхдийн ээж бөгөөд түүний нөхөр жүжигчин Таики Накабаяаши Шибуяа дахь гэрээсээ цогцсыг нь олжээ. Жүжигчин бүсгүй Японд маш алдартай, олон шагнал хүртсэн ба телевизийн цуврал, нэг ангит кино бүтээлүүдэд тоглож ирсэн байна. Түүний харьяалагддаг Stardust Promotion агентлагаас тун харамсалтай үйл явдал тохиосныг мэдэгджээ.
1998 онд Японд хит болсон Рингу буюу Бөгж нэртэй аймшгийн кинонд тоглосон дүрээрээ танигдаж эхэлжээ. Уг киног Холливудад 2002 онд шинэчлэн дэлгэцийн бүтээл болгон гаргасан байдаг. Мөн 2018 онд HBO сувгийн хийсэн хатагтай Шерлок цуврал бүтээлд эмэгтэй Шерлок Холмесын дүрд тоглосон нь дэлхийн хэд хэдэн оронд албан ёсоор гарсан билээ.
2004-2007 оны хооронд гурван жил дараалан Японы кино академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. Хэдийгээр түүний үхлийг амиа хорлолт гэдгийг албан ёсны дүн шинжилгээгээр баталгаажуулаагүй ч ойрын үед Япон, Солонгосын алдартай жүжигчид амиа егүүтгэх явдал цөөнгүй гарч байгаа юм. Тухайлбал энэ сарын эхэнд Японы жүжигчин Сей Ашина, өнгөрсөн долдугаар сард жүжигчин Харума Миура, тавдугаар сард шоуны од бөх Хана Кимура нар амиа егүүтгэсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2015 оноос хойш Японы Засгийн газар амиа хорлолтын тоог бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч амиа хорлолтын тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг орнуудын нэг хэвээр байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нас барсан нь тодорхой байнаа. Амий алдсан байдалтай гэвэл учир битүүлэг зөв сонсогдоно шүү,