Бразил улсад ирэх оны хоёрдугаар сард болох ёстой Рио-де-Жанейрогийн багт наадмын парадыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг тус арга хэмжээний зохион байгуулагчид мэдэгджээ.
Тус улсын соёлын түшиг тулгуур, олон хүний амьжиргааны эх үүсвэр болсон энэхүү уламжлалт парадыг коронавирусийн цар тахлын улмаас аюулгүй зохион байгуулах боломжгүй болсон гэж Риогийн Самба сургуулиудын лиг "LIESA"-гаас пүрэв гарагийн орой мэдэгдсэн юм.
Риогийн багт наадам жил бүр сая сая жуулчдыг татдаг. Хойшилсон багт наадам Бразилийн эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлж, тус үйл ажиллагаанаас орлогоо олдог гэр бүлүүдэд хүнд цохилт болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Аялал жуулчлал тус улсын ДНБ-ий найм орчим хувийг бүрдүүлдэг юм. Энэ оны хоёрдугаар сард болсон багт наадмын үеэр 2,1 сая жуулчин Риод айлчилж, 725 сая ам.долларын эдийн засгийн ашиг орлого үүссэн байна.
Жил бүр зохион байгуулагддаг Рио-де-Жанейрогийн карнивал нь дэлхийн хамгийн том багт наадам гэж тооцогддог бөгөөд өдөрт хоёр сая орчим хүн гудамжинд цуглардаг ажээ. Риогийн анхны багт наадам 1723 онд болж байсан ба хамгийн сүүлд 1912 онд Бразил улсын Гадаад харилцааны сайд нас барсны улмаас багт наадмыг хойшлуулж байжээ.
Гол парадаас гадна Риогийн гудамж талбайгаар болдог олон тооны парад, үдэшлэгийг мөн зохион байгуулах эсэхийг Хотын захиргаанаас хараахан зарлаагүй байна. Гэвч коронавирусийн эсрэг вакцин гараагүй цагт олон нийтийн томоохон арга хэмжээг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй. Бразил улсад одоогоор 4,5 сая хүн халдвар авч, 138 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: BBC, Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.