БНСУ-ын "LG Electronics Inc" компани шинэ хос дэлгэцтэй ухаалаг гар утасныхаа загварыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд дэлгэсэн. "LG Wing" нэртэй энэхүү утас нь хоёр тусдаа дэлгэцтэй бөгөөд үндсэн дэлгэц нь хөндлөн чиглэлд 90 градус эргэхэд доорх хоёрдогч дэлгэц нь ил гарж ирдэг байна. Ингэснээр утас T хэлбэрийн дизайнтай болох юм.
Тус ухаалаг гар утас түүнчлэн зургаан хөдөлгөөн мэдрэгч сенсор бүхий "Gimbal motion camera" технологиор тоноглогдсон бөгөөд энэ нь хэрэглэгчид видео бичлэг хийх үед өндөр түвшний тогтворжилтыг бий болгох аж.
"LG" брэнд дотоодын зах зээл дэх ухаалаг гар утасны борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа тул шинэхэн "LG Wing" ухаалаг гар утсаа Өмнөд Солонгост аравдугаар сарын 6-наас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэж салбарын мэргэжилтнүүд мэдээлжээ. Шинэлэг загвартай энэ утас тус улсын борлуулах цэгүүдээр 1,098,900 вон буюу 940 ам.долларын үнэтэй зарагдах гэнэ.
Түүнчлэн шинэ утсыг худалдан авсан хэрэглэгчид худалдан авалтаасаа хойш хоёр жилийн дотор дэлгэцээ солих шаардлагатай болсон тохиолдолд ашиглаж болох 70 хувийн хөнгөлөлтийн эрхийг аравдугаар сарын турш олгож байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.