Финландын Хельсинки нисэх онгоцны буудалд ирсэн аялагчдын коронавирусийн шинжилгээг үнэрч ноход хийхээр болжээ.
Туршилтын төслийн хүрээнд нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэд хамрын хөндийдөө оношилгооны сорил шургуулах шаардлагагүйгээр, ердөө 10 секундийн дотор коронавирусийн сайн дурын шинжилгээ өгөх боломжтой аж. Уг шинжилгээг зорчигчдын хөлсийг үнэрлэн, коронавирусийг илрүүлэх сургалтад хамрагдсан хоёр үнэрч нохой гүйцэтгэх гэнэ.
Зорчигчид ачаа тээшний хэсгээс ачаагаа авсныхаа дараа хүзүүнийхээ хөлсийг арчин, арчдасаа хайрцагт үлдээх юм. Үүний дараагаар нохой сургагч мэргэжилтэн уг хайрцгийг өөр бусад үнэртэй хайрцгуудын хамт үнэрч нохойн урд байрлуулах аж. Үнэрч нохойн шинжилгээний процесс нэг минут орчим үргэлжилдэг байна.
Хэрэв нохойн илэрхийлсэн хариу "Эерэг" гарах юм бол тухайн хүнд нисэх онгоцны буудлын эрүүл мэндийн төв үнэ төлбөргүй шинжилгээ хийх ажээ. Гэвч анхан шатны судалгаагаар нохойн үнэрийн сорил нь коронавирусийн халдварыг илрүүлэхэд стандарт полимеразын гинжин урвал эсвэл эсрэг биеийн шинжилгээнээс илүү үр дүнтэй болох нь тогтоогдсон гэдгийг Хельсинкийн их сургуулийн судлаач Анна Хиелм-Бьоркман тэмдэглэв.
Тэрээр мөн "Халдвар авсан хэдий ч PCR шинжилгээгээр хараахан "Эерэг" хариу авахгүй хүмүүсийг эдгээр ноход илрүүлж чадна" гэжээ.
Одоогийн байдлаар зөвхөн хоёр нохой өвчин илрүүлэгчээр ажиллаж байгаа хэдий ч дахиад 14 нохойг сургаж байгаа аж. Зарим нохой коронавирусийг маш богино хугацаанд илрүүлж сурдаг байна. Косси хэмээх 8 настай тайга нохой COVID-19-ийн үнэрийг долоохон минутын дотор таньж сурсан гэнэ.
Хэрэв нохойн коронавирусийн оношилгоо үр дүнтэй болох нь батлагдвал үнэрч нохдыг асрамжийн газар, сургууль болон бусад олон нийтийн газарт дайчилж болно гэдгийг Хиелм-Бьоркман онцолсон юм.
Хэдий дэлхий даяар олон нохой коронавирусээр өвчилсөн ч эдгээр амьтад хүнд халдвар дамжуулах боломжтой гэсэн нотолгоо байхгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн билээ.
Эх сурвалж: The Huffington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.