Энэ долоо хоногийн даваа гарагт Австралийн далай тэнгис, биологийн төрөл зүйл судлаачид олон зуун халим Тасманийн эрэгт гацсан байхыг олж мэдсэн юм. Үүнээс хойш эдгээр халимнуудыг нэг дор хэт олноороо бөөгнөрч үхэхээс сэргийлэх арга хэмжээ авсаар байсан ч одоогийн байдлаар 400 орчим халим үхээд байна.
Долоо хоногийн эхэнд эргийн орчимд 270 орчим халим цуглаж, 1/3 нь үхсэн тухай мэдээлж байсан. Харин өнөөдөр нийт таван зуу орчим халим байснаас дийлэнх нь буюу 380 орчим халим үхсэн гэдгийг мэдээллээ.
Уг халимнууд нь өдөр урт сэрвээтэй тул нисдэг халим хэмээн нэрлэдэг. Нас биенд хүрсэн нисдэг халим долоон метр урт, гурван тн жинтэй болдог. Тэд удирдагчаа маш сайн сонсдог учир үй олноороо сүрэглэн аялдаг байна.
Лхагва гарагийн оройны байдлаар аврагчид 50 орчим халимыг аврах боломжтой болсныг хэлж, үлдсэн 30 орчим халиманд туслахаар ажлаа үргэлжлүүлж байна гэжээ. Тасмани мужийн Засгийн газраас халимнууд амьд л байгаа бол тэднийг аврах хүртлээ ажлаа зогсоохгүй гэдгийг мэдэгдлээ. Аврах ажлыг эрчимжүүлэхгүй бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр халимнууд туйлдаж ядарч байна гэжээ.
60 орчим хүний бүрэлдэхүүнтэй аврах баг татлага ашиглаж амьд үлдсэн халимнуудыг нэг нэгээр нь татаж далайн гүний усанд эргүүлэн тавьж байна. Амьд үлдсэн амьтдыг аврахаас гадна үхсэн халимнуудын цогцсыг тээвэрлэх, зөөх ажлыг яаравчлах шаардлагатайг Тасманийн ан амьтан, цэцэрлэгт хүрээлэнгийн менежер Ник Дека мэдэгдэв.
Хэдийгээр халимнууд сүрэглэн нүүдэллэж байгаад энд гацсан гэж мэдээлж байгаа ч чухам яагаад ингэж олноороо түгжирч, хэт бөөгнөрсөн шалтгааныг тодорхой тайлбарлаж чадаагүй. Нисдэг халимнууд нь далайн эрэгт нарлаж биеэ ээх дуртай.
Дэлхийн хэмжээнд урьд өмнө ийм олон халим эрэгт гацсан тохиолдол тун цөөхөн. 1996 онд Баруун Австралид 320 халим эрэгт цугласан нь тус улсын хэмжээнд хамгийн их тохиолдол юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.