Засгийн газрын шийдвэрийн дагуу хичээл сургуулийн үйл ажиллагаа энэ долоо хоногоос эхлэн хэвийн горимд шилжиж байгаа. Хүүхдүүд бүтэн цагаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан СБД-ийн Засаг даргын Тамгын газраас алслагдсан гэр хороолол дунд байдаг зарим сургуулиуд руу сурагчийн автобус явуулж эхэлжээ.
СБД-ийн 14 дүгээр хороонд байрлах 35 дугаар сургууль болон 15 дугаар хороонд байрлах 58 дугаар сургуульд сурагчийн автобус энэ 7 хоногоос явж эхэлсэн. Эдгээр сургуулиуд нь гэр хорооллын бүсэд оршдог бөгөөд зуслангийн суурьшил бүхий алслагдсан хороодын хүүхдүүд суралцдагаараа онцлог юм.
Хүйтний улирал эхэлж удахгүй өвөл болох гэж байна. Тиймээс сургуулийн автобусыг нэмэгдүүлэн хол гэртэй хүүхдүүдэд тав тухтай, аюулгүй зорчих боломж олгож байгаад хүүхдүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх, сурагчдын автобусны маршрутыг шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн. Харин энэ хичээлийн жилд сургуулийн автобусны маршрутыг нэмэгдүүлж, ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд нийт 40 автобусаар сурагчдад үйлчилж эхлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.