Цахилгаан автомашины зах зээлд амжилттай яваа Тесла компани илүү хямд төсөр аргаар зай хураагуурыг нь шийдсэн боловч илүү хүчин чадалтай загваруудаа ойрын гурван жилийн хугацаанд хэрэглэгчдэд нийлүүлэхээр болсныг Элон Маск мэдэгдлээ.
Тесла зай хураагуурын өдрийг тэмдэглэж, тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск илтгэл тавьсан. Ингэхдээ одоо үйлдвэрлэгдэж байгаа загваруудаас хүчин чадал сайтай ч илүү хямд буюу 25,000 ам.долларын загваруудыг гурван жилийн дотор үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн.
Гэвч энэ мэдэгдэл нь хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааг унагааж болзошгүй тул хөрөнгө оруулагчдад тийм ч их таалагдсангүй.
Үүнээс гадна Маскийн танилцуулсан өөр нэг чухал мэдээлэл нь Тесла илүү том цилиндрийг зай хураагуурт ашиглахаар болсон явдал юм. Эдгээр шинэ зай хураагуурууд нь өмнөхөөсөө тав дахин илүү эрчим хүч ялгаруулах ба туулах зайг 16 хувиар нэмэгдүүлнэ. Гэхдээ үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд цөөнгүй хэдэн жилийн хугацааг зарцуулна гэж технологийн шинжээчид харж байна.
Өнгөрсөн жил химийн Нобелийн шагнал хүртсэн профессор Стэнли Виттингхэм литийн ионоор хийсэн зай хураагуурууд эрсдэлтэйн дээр өндөр зардлаар бүтнэ гэдгийг хэлж байжээ.
Тесла компани Панасоник болон ЛЖ Чем-үүдээс худалдаж авдаг зай хураагуураа өөрсдөө үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Элон Маск Панасоникоос авсан зай хураагуурыг Тесла 3 загварт хэрэглэхэд хэд хэдэн бэрхшээл гарч байсныг танилцуулж байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.