СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-23

LIVE: Б.Буджаргал: Монгол гэдэг нэрийг сурталчлаад явж байгаа ч нэг ч төгрөгийн дэмжлэг авч байгаагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн дөрвөн удаагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээний мэргэжлийн тамирчин Б.Буджаргал Тайландад болсон 125 км уралдаанд түрүүлэн тав дахь удаагаа аварга болжээ. Ингээд түүнтэй онлайнаар холбогдон ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Тэмцээний талаар мэдээлэл өгөөч?

-Энэ тэмцээний хувьд 12 цагийн турш үргэлжилдэг тэмцээн байсан. Миний оролцдог төрөл бол олон хоногоор их удаан тайвнаар 1300 км гүйдэг. Энэ тэмцээн бол их хурдтай гүйх шаардлагатай болдог. Тиймээс гүйхэд хэцүү байсан. Хурдтай гүйх бэлтгэл хийдэггүй, өөд уруу газар гүйхэд бас хөлөнд их өөрчлөлт гардаг. Би өөрөө өгсүүр уруу гүйх бэлтгэл хийдэггүй учраас их ядарсан. Гэхдээ ямар ч байсан аварга болж чадлаа.

- Нийт хэдэн тамирчин оролцсон бэ?

-Нийт 400 тамирчин оролцсон. Энэ тэмцээн ковид 19-ийн үед болж байгаагаараа онцлог л доо.

-Энэ хүнд үед танд тохиож байгаа бэрхшээлийн талаар. Таныг зардалгүй болсон талаар мэдээ байсан?

-. АНУ-д найман тэмцээнд оролцож байсан. Тэр үед АНУ-д амьдардаг Монголчууд дэмжиж байсан. Санхүүгийн хувьд асуудал үүсдэггүй байсан бол дэлхийн рекорд тогтоох боломж зөндөө байгаа.

-Тантай адил олон өдрийн гүйлтэд дэлхийд гурван удаа түрүүлсэн хүн өөр байхгүй байгаа. Та энэ талаар улсад хүсэлтээ тавьж байсан уу?

-Тавьж байсан л даа. Зөндөө олон удаа. Манайх улсын шигшээ багийн тамирчид, олимпийн төрлүүдээ дэмждэг л дээ. Миний төрөл олимпийн төрөлд байдаггүй учир дэмждэггүй. Миний энэ төрөл олон орны тамирчид оролцдог, олон улсад зохион байгуулагддаг. Тэгсэн мөртлөө Монгол хүн тамирчин түрүүлээд явж байдаг. Тэгсэн хирнээ улсаас нь дэмжлэг байдаггүй.

Монгол гэдэг нэрийг сурталчлаад явж байгаа ч нэг ч төгрөгийн дэмжлэг авч байгаагүй. Олимпд оролцдог тамирчид 42 км гүйдэг. Би өчигдөр тэмцээнд ороход гурван марафон тамирчин гүйж байгаа юм. Хүнээс маш их тэсвэр хатуужил гардаг. Олимпд бол хамгийн холын зай нь марафон байдаг.

-Та одоо хаана байгаа вэ?

-Тайланд улсад ирээд 10 сар орчим болж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Хятадын Шиамин хотод анх удаа зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орчхоод Тайландад ирж бэлтгэлээ хийх хугацаанд коронавиусийн халдвар гарч явж чадахгүй байдалтай байна. Зүгээр байж байхаар миний төрөл биш тэмцээнүүдэд орж байгаа.  Уул нь өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д тэмцээнд явах зорилготой байсан.

. Ирэх арванхоёрдугаар сард нэг тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн. Гүйлт гэхээр хүмүүс адилхан гэж боддог. Гүйлтийн төрөл бүр нь өөр л дөө. Миний төрөл өөр болохоор хэцүү байдаг. 100 метрийн олимпийн аварга Усэйн Болт марафонд гүйж чадахгүй шүү дээ. Тэдэнтэй адил миний төрөл өөр. Намайг марафонд гүй гэвэл би гүйж чадахгүй. Миний хувьд олон өдрөөр тайван гүйдэг хүн. Энэ төрөлдөө мэргэшиж, дэлхийн аварга болоод рекорд тогтоогоод явах боломж надад хангалттай их байна.

-АНУ-д оролцох тэмцээндээ бэлдэж байгаа юу?

-Бэлдэж байгаа. Тэрэндээ бэлдэхийн хажуугаар өөрийн төрөл биш тэмцээнүүдэд ороод өөрийгөө зовоогоод л байж байна.

-Сайн дураараа гүйж өөрийгөө зовоочхоод улсаас дэмжлэг хүслээ гэж хүмүүс бодож байж болох юм?

-. Монгол гэхээр болохгүй бүтэхгүй гэдэг шүү дээ. Монгол хүн түрүүллээ, Монгол хүн мундаг шүү гээд олон улсад таниулаад явж байгааг өөрийнхөө чаддаг юмаар улсынхаа нэрийг гаргаад явж байхыг зөв юм болов уу, хэрэгтэй юм болов уу гэж боддог. Улсаас Б.Буджаргалаа чи ингээд гүйх хэрэггүй гэвэл би гүйхгүй байж болно шүү дээ. Гүйх чинь бас хэцүү шүү дээ. Өөр өөртэйгөө тэмцэнэ, ядарна, зовно нэлээн зовж байж л амжилт гаргадаг юм шүү дээ.

Монгол гэдэг нэрийг гаргах гэсэн юм. Хандив мөнгө олдохгүй бол би гүйхгүй ээ. Өчнөөн өр шир тавиад зарж ирээд гүйж байгаа. Одоо зарж үрэх юм ч байхгүй болсон.

-Тайландаас Америк явах боломж нь энэ үед хэр байна? Цар тахлын үе таарчхаад байгаа шүү дээ.

-Монголчууддаа хандаж хэлэхэд Тайландаас Америк руу нисэж болж байгаа. Америкийн хил нээлттэй байгаа. Би Америкийн визтэй учраас зүгээр. Харин буцаж Тайланд руу орж ирэх асуудалтай. Одоо энэ аравдугаар сард Хятадад өнгөрсөн жил миний түрүүлсэн тэмцээн болох юм. Энд орох гэхээр 14 хоног хорионд орно гэсэн. Тэгэхээр дэмий байгаа юм. Одоо улс орнуудад тэмцээн болоод эхэлчихсэн. Европын орнуудад тэмцээнүүд зохиогоод эхэлсэн.

-Монголчууддаа хандаж  юу гэж хэлмээр байна вэ?

-Миний хувьд байрны мөнгөө төлж чадахгүй хэцүү байсан. Тэр үед дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Хандив үзүүлэхгүй бол гүйхгүй. Гүйх ч албагүй гэж хэлье.

-Танд хүмүүс, компаниуд хандив өгье гэвэл яаж өгөх вэ?

- Миний данс Бямбаагийн Буджаргал Хаан банк 5027402524

Танд спортын амжилт хүсье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.