Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй тус газраас хийсэн хэд хэдэн хяналт шалгалтын дүнгийн талаар тодруулга авлаа.
-Коронавирусийн цар тахлын үед ААН-үүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ үндэслэлгүйгээр нэмж, зохиомол хомсдол үүсгэхийг хуулиар хориглосон. Гэтэл нэр бүхий компаниуд бүтээгдэхүүний үнээ нэмсэн асуудлыг ШӨХТГ-аас хянаж, холбогдох шалгалт хийж дуусжээ. Ямар компаниуд хяналт шалгалтад хамрагдсан бэ?
-Есдүгээр сарын эхээр хэрэглэгч болон компаниудаас гурил, сүү, талхны үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдээлэл ирсэн. Энэ дагуу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ямар үндэслэлээр нэмсэн талаар хяналт шалгалт явууллаа.
Манай улсад 10 гаруй гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Тухайн компаниудаас “Алтан тариа” ХХК үнээ нэмсэн нь байсан. ШӨХТГ-т хэрэглэгч болон гурил үйлдвэрлэгч компаниудаас “Алтан тариа” ХХК яагаад дангаараа үнээ нэмэв гэсэн асуудлаар гомдол ирсэн.
“Алтан тариа” ХХК гурилынхаа үнийг есдүгээр сарын 1-нээс нэмсэн гэх гомдол гарсан ч хяналт шалгалтын үеэр долдугаар сарын 25-нд “Алтан тариа” ХХК-ийн захирлын Үнэ өөрчлөн борлуулах тухай тушаалаар 1-50 кг тутамдаа 60-100 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байсан.
-“Алтан тариа” ХХК ямар үндэслэлээр үнээ нэмсэн юм бэ?
-Гурил үйлдвэрлэгч компаниуд төрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшууллыг эдэлж байгаа. “Алтан тариа” ХХК гурилын үнээ нэмж байгаа бол бусад компаниуд ч нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймд дан ганц тус компанийг шалгах бус цогцоор нь асуудлыг авч үзсэн. Ингээд гурилын үнэ нэмэх суурь шалтгаан болох улаанбуудайн үнийн нэмэгдэл, хомсдол байсан эсэхэд холбогдох байгууллагуудтай хамтран газар тариалангийн бүс нутгуудад очиж хяналт шалгалт хийлээ.
Ингээд МХЕГ, ОБЕГ, ГЕГ, ТЕГ, ШӨХТГ гэсэн таван газрын хамтарсан шалгалтын үр дүнд зарим газраас “Алтан тариа” ХХК-д торгуулийн арга хэмжээ авах саналгүй, зарим нь 20 орчим сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах санал гаргасан.
Уг асуудлыг өчигдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт танилцуулсан. Удахгүй нэгдсэн шийдвэр гарна.
-“Атар” талхны үнэ нэмэгдсэн талаар иргэд гомдол гаргасан. Уг асуудлын хүрээнд шалгалт хийв үү?
-“Талх чихэр” ХК “Атар” талхныхаа үнийг нэмээгүй байсан. Харин худалдан борлуулж байгаа дэлгүүрүүд үнэ нэмсэн байсныг шалгалтаар тогтоосон. Дэлгүүрүүдийн хувьд “Атар” талх зарсныхаа төлөө тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Өргөн хэрэглээний бараа болох гурил болон талхыг үйлдвэрлэгч компаниудыг НӨАТ-аас чөлөөлсөн мөртлөө тухайн дэлгүүрүүдийг чөлөөлөөгүй байдаг. 1200 төгрөгөөр нийлүүлж байгаа талх өөрөө тухайн дэлгүүр дээр ирэхлээр НӨАТ-ыг нэмж борлуулахаас өөр арга байдаггүй. Жишээлбэл, гурил гурилан бүтээгдэхүүний үнэд төрөөс бодлого гаргаж байгаа бол тухайн дэлгүүрүүдийг НӨАТ-аас чөлөөлж, өгснөөр үйлдвэрээс нийлүүлж байгаа үнээр худалдан борлуулах боломжтой гэдгийг худалдаа эрхлэгчид саналаа хэлсэн. Энэ асуудлыг цаашид Сангийн яам, Гаалийн Ерөнхий газартай зөвшөлцөхөөс аар арга байхгүй.
-“Сүү” ХК хэрэглэгчдийн хамгийн их авдаг цэнхэр савлагаатай сүүнийхээ үнийг 100 төгрөгөөр нэмсэн. Энэ асуудалд тус компанид ямар хариуцлага тооцох вэ?
-“Сүү” ХК-иас бусад компаниуд үнээ нэмээгүй тус компани төрөл тутамдаа 100 төгрөгөөр үнээ нэмсэн асуудал байгаа. Аж ахуйн нэгжүүд төрөөс тодорхой хэмжээний хөнгөлөлтийг авахдаа үнийн тогтвортой байдлыг хангана гэсэн байдлаар хөнгөлөлт авч байгаа. Жишээлбэл, импортын татвараас 100 хувь чөлөөлөгдөх, хүн ам орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн ашгийн татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаас бусад татвараас хөнгөлөгдөж байгаа учраас бид нар аливаа зүйлд шударга байх ёстой гэж харж байгаа. Хувийн аж ахуйн нэгжүүд зах зээлийнхээ зарчмаар үнэ нэмэгдэх байтал төрөөс бид нарын үнийг хүчээр тогтоох гэж байна гэдэг.
Нөгөө талаас төрөөс авч байгаа хөнгөлөлт урамшууллаа хэрэглэгчдэд тайлбарлах хэрэгтэй. Хэрвээ шударга зах зээлийн зарчмаар үнээ тогтоох гэж байгаа бол төрөөс битгий тодорхой хэмжээний хөнгөлөлт ав гэдэг асуудал яригдаж болно.
Нөгөө талаас төр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд компаниудыг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Атар” талхнаас бусад талх, нарийн боовны үнэд нөлөөлөх боломжгүй гэдгийг хэрэглэгчид сайн ойлгох хэрэгтэй. Сүүн дээр ч гэсэн цэнхэр савлагаатай сүүний үнийг тогтвортой байлгах бодлого баримтлахаас биш бүх сүү, сүүн бүтээгдэхүүний үнийг барих боломжгүй.
-Үнээ нэмсэн эдгээр байгууллагуудад ямар хариуцлага тооцох вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн хүрээнд хамгийн эхэнд үнээ буулгах шаардлага хүргүүлсэн. Хэрэв үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах зохицуулалт байдаг.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулахдаа бензиний савнаас бохирдол буюу ус илэрсэн талаар мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотой буруу ойлголт олон нийтийн дунд байна?
-Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдаж ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий. Бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Түүнээс биш бензин шатахуунд нөлөөлсөн зүйл байхгүй.
-МИАТ компани чартер нислэгийнхээ үнийг хэр үндэслэлтэй нэмсэн талаар газар дээр нь очиж тодруулсан. Уг хяналт шалгалтын дараагаар гарсан өөрчлөлт байна уу?
-МИАТ компани Сөүл-Улаанбатар чиглэлд ирж байгаа нэг талынхаа онгоцны тасалбарын үнийг 300 орчим мянган төгрөгөөр бууруулсан. Үнэхээр нэг талдаа хоосон нисэж байна уу, зорчигчдод хоол өгөхгүй байгаа ч хоолны зардлаа нэмсэн эсэхийг одоогоор хянаж шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.