Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Техник спортын төвд ажиллаа.
Уг төвийн хувьд 20 га газартай ч хувьчлал явагдах үед Батлан хамгаалах туслах нийгэмлэг гэж ижил төстэй байгууллага байгуулан бүх бүх өмч хөрөнгөнд хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн бус байгууллагын өмч болгожээ. Ингээд өнөөдрийн байдлаар хувьдаа авахыг нь аваад зарахыг нь зарж одоогоор буудлагын төвийн газрыг авч үлдсэн байна. Уг газрыг төр өмчдөө авч спортын цогцолбор байгуулах боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс Ерөнхий сайдад дурдсан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улсын өмч хөрөнгө маш ихээр алдагдсан. Ард түмний өмч, улсын өмч хөрөнгийг эргээд олж авах хэрэгтэй. Тийм учраас хулгайд алдагдсан эд хөрөнгөө олж ав. Холбогдох хууль хяналтын байгууллагад ханд. Тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй" гэв.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Биеийн тамир, спортын асуудлыг Ерөнхий сайдын харьяа болгосон. Би биеийн тамир, спортыг дэмжиж ажиллана. Өмнө нь бид их спортыг дэмжихэд анхаарал хандуулдаг байсан бол одоо бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана" гэв.
Ингээд дараа нь Буянт-Ухаа спорт цогцолборын төвд ажиллаж нөхцөл байдалтай нь танилцав. Буянт-Ухаа спортын ордны захиргаанаас өдөрт гурван ээлжээр мэргэжлийн дэвжээд дээр жудо, чөлөөт бөхийн сургалтуудыг хүүхэд залуусын дунд үнэ төлбөргүй явуулж байна. Одоогоор 200 гаруй хүүхэд сургалтад бүртгүүлж байнгын бэлтгэлд хамрагдаж байгаа аж. Тус цогцолборын ашиглалтын 78 хувийг урлаг, соёлын арга хэмжээ эзэлдэг байна. КОВИД-ын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа зогсож, багагүй урсгал зардал хуримтлагдаж, төлөвлөгөөт техникийн шинэчлэлт хийгдээгүй байна.
БНХАУ-тай байгуулсан гэрээний дагуу хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлтийг ирэх онд зайлшгүй хийх шаардлага үүсч, гэрээний үүргийн дагуу монголын талаас 800-аад сая төгрөг, БНХАУ-ын талаас 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж. Засвар арчлалт, техникийн шинэчлэлийн хүрээнд дотор засал, гадна талын төв замд холбогдох автозам тавих, цахилгааны ШИТ суурилуулах зэрэг томоохон техникийн ажлууд хийгдэнэ. Мөн сул зогссон үеийн урсгал зардал, татварын өрийн хуримтлал зэрэг нийт 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд үйл ажиллагааны танилцуулгын үеэр сонсоод Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэхээ мэдэгдэж цаашид сайн ажиллахыг тус газрын алба хаагчдад үүрэг болголоо.
Нийслэлийн өмчит "Улаанбаатар спорт менежмент", Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборт ажиллаж байна.
2021 онд манай оронд Олон Улсын Залуучуудын Ногоон наадмыг хийх спортын цогцолборын барилгын гүйцэтгэл хийгдэж байна. Нийслэлийн өмчит Улаанбаатар спорт менежмент компанийн хариуцан гүйцэтгэж буй тус “Спортын бэлтгэлийн төв” барих, наадмын зохион байгуулалтын үйл ажиллагааны зардалд зориулж улсын төсөвт нийт 9,6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ.
Одоогоор дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бүрэн баригдаж дууссан. Усан бассейн, хоккейн талбай барих ажил эрчимтэй хийгдэж байна. Эдгээрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.