СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Викингчүүд бидний төсөөлдөг шиг улбар үстэй байгаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бидний мэдэх Скандиновын дайчин викингчүүд улбар шар үстэй, замдаа таарсан газар нутаг руу довтолгон эзэлж явсан билээ. Гэтэл та бидний ном зохиол, түүх намтраас уншиж мэдсэн викингчүүдийн талаарх ойлголт огт өөр байсныг гэрчлэх баримт, судалгааг эрдэмтэд хийжээ.

Nature сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн судалгааг Их Британийн Кэмбрижийн их сургууль, Данийн Копенгагены их сургуулийн эрдэмтэд хамтран хэвлүүлжээ.

Судлаачид Шотландын нутаг дэвсгэрээс викингчүүдийн оршуулгыг олсон байна. Үүний дараагаар Скандинов, Гринлэнд, Их Британиас олсон викинг хүний 400 гаруй араг яс, шарилыг зургаан жилийн турш судалж дараах дүгнэлтийг хийв. Судалгааны ажлаас хамгийн их анхаарал татсан нь викингчүүд бидний таамагладаг шиг улаан, улбар өнгийн үстэй биш харин бор хүрэн өнгийн бараан үстэй байжээ. Мөн тэд зөвхөн Скандиновын хойгт ч байсангүй. Тэдний цуснаас Ази, өмнөд Европынхны удамшлын ген илэрсэн байна.  

Кэмбрижийн их сургуулийн Сэнт Жонын коллежийн эрдэмтэд Эск Виллерслев “одоог хүртэл викингчүүдийн харагдах байдал, гадаад төрхийг нарийн тодорхойлж чадаагүй учраас түүхийн номуудад өөрчлөлт оруулах шаардлагатай болно” хэмээн ярьжээ. Викингчүүдийг Скандиновоос гаралтай учир улбар үстэй байсан гэж төсөөлдөг ч Скандиновоос гадна Ази, өмнөд Европтой цус холилдсон байснаас харахад үсний өнгө нь бараан байсан гэж дүгнэж байгаа юм.

Судалгаанаас тодруулсан өөр нэг зүйл нь викинг хүн байх нь тэдний өөрсдийнх нь хувьд тийм ч онцгой зүйл байгаагүй бололтой. Шотландын Оркней эргээс олсон хоёр хүний шарилаас ДНХ авч шинжлэхэд тэд орчин цагийн Ирланд, Шотланд хүмүүсийнхтэй ижил байжээ. Гэхдээ оршуулганаас нь харахад викинг хүмүүстэй ижил байгаа тул тэд сүүлд викингчүүдийн дунд орсон жирийн хүмүүс байв.

Викинг гэдэг үг нь скандиновын хэлээр “vikingr” буюу далайн дээрэмчин гэсэн утгатай үг юм байна. Тэднийг МЭ 800-1050 оны хооронд амьдарч байсан гэж үздэг.

Викингчүүд Европ даяар аялж, далай тэнгисээр гатлахдаа сүм хийдүүдийг дайлаар мордохын зэрэгцээ үслэг эдлэл, далайн амьтны мах, эвэр соёо зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг байжээ. Тэд дайрч довтлохдоо ихэвчлэн найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хөршүүдийнхээ эрчүүдийг цуглуулан нийлдэг байв.  

Судлаачдын үзсэнээр викингчүүдийн удамшлын өв өнөөдөр ч үлджээ. Их Британийн хүн амын 6 хувь, Шведийн хүн амын 10 хувийнх нь удамшлын санд викингүүдийн ген өвлөгдсөн байдаг гэж үздэг байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.