Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Сарангэрэл гурав хоногийн өмнө хог хаягдлыг ангилан жижиглэж шахдаг 22 төхөөрөмжийг 15 аймгийн удирдлага, нийслэлийн зургаан дүүргийн холбогдох албан тушаалтнуудад ёслол төгөлдөр гардуулан өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийн бай болов.
Иймд БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсвөөс 525 сая төгрөгөөр худалдан авсан 22 ширхэг хог шахагч төхөөрөмжтэй холбоотой асуудлыг сурвалжиллаа.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ХИЙГДЭВ
БОАЖЯ-ны ТНБД Д.Ганболд “Орон нутагт хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төслийн техникийн тодорхойлолт” гэгчийг 2020 оны 1 дүгээр сард баталжээ.
Уг тодорхойлолтод “60-120 тн шахалт даралт үзүүлж, хог хаягдлыг 100-250 кг-аар преслэж боох хүчин чадалтай, 160 см өргөн, 110 см зузаан, 3250 см өндөртэй 22 ширхэг хог хаягдлыг шахагч төхөөрөмжийг 550 сая төгрөгөөр худалдан авсугай” хэмээн зааж, сонгон шалгаруулалтыг хийсэн байна.
Уг тендерт “Глим” ХХК, “Богочконстракшн” ХХК, “Батхүлэмж” ХХК, “Сан оргиу” ХХК, “Тогтохын шил” ХХК, “Топуна” ХХК нь оролцохоор материалаа ирүүлсэн байдаг. Тендерт оролцохоор ирүүлсэн материалуудыг Тендерийн үнэлгээний хорооны доорх албан тушаалтнууд хянан үзээд “Сан Оргиу” ХХК-г ам нийлэн магтаж, дуу нэгтэйгээр шалгаруулжээ.
Ингээд тендерт сонгон шалгарсан “Сан Оргиу” ХХК-ийн ерөнхий захирал О.Пүрэвдорж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар 2020 оны зургадугаар сарын 12-ны өдөр “Хуванцар хаягдал сав нягтруулах шахах төхөөрөмж орон нутагт нийлүүлэх гэрээ” гэгчид гарын үсэг зурцгаасныг та бүхэн харж байна.
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДАЛ НЯГТРУУЛАН ШАХДАГ МАШИН ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ
БОАЖЯ-наас нэг бүрийг нь 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр худалдан авна хэмээн тендер зарласан хуванцар хог хаягдлыг шахдаг машин нь БНХАУ-д ямар үнэ байдгийг бид судалж үзлээ.
Тендерийн гол шалгуурыг яг хангаж чадахуйц “60-120 тн шахалт даралт үзүүлж, хог хаягдлыг 100-250 кг-аар преслэж боох хүчин чадалтай, 160 см өргөн, 110 см зузаан, 3250 см өндөртэй” хог шахагч төхөөрөмжийг худалдан борлуулж буй үнэ нь 4700-6000 юаны үнэтэйгээр зарагддагийг та бүхэн харж байна.
Түүнчлэн уг төхөөрөмжийг худалдан авах тоо хэмжээ нь олшрох тусам дагалдаад үнэ нь ч бас буурдаг аж. “Сан Оргиу” ХХК нь БОАЖЯ-аас тендерийн урьдчилгаагаа болох 105 сая төгрөгийг шилжүүлэн авсан 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр юаны төгрөгтэй харьцах ханш 404.12 төгрөг байж.
Тэгэхээр “Сан Оргиу” ХХК хуванцар хог хаягдлыг шахдаг төхөөрөмжөөс хамгийн дөнгүүр чанартайг нь 6000 юанаар үнэ цохин авсан гэж тооцоход л нэг ширхэг төхөөрөмжийн үнэ 2,424,720 төгрөг болох тооцоо гарч байна (гааль, татвар, тээврийн зардал ороогүйг анхаарна уу).
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Сан Оргиу” ХХК-ийн захирал О.Пүрэвдоржтой утсаар холбогдож, 22 ширхэг төхөөрөмжийг нэг бүрийг нь хэдэн төгрөгөөр худалдан авсныг тодруулахад “Сүүлийн үед манай байгууллага руу дайрсан мэдээлэл их явж байна. Бид төхөөрөмж нэг бүрийг 22,000 юанаар худалдан авсан. Үүн дээр гааль, татвар, тээврийн зардал, краны зардал, мөн төхөөрөмж нэг бүрийг 1 тонн төмөр утас дагалдаж байгааг ойлгох хэрэгтэй. Тэгээд ч өөрт ямар ч ашиг унахгүй тендерт ямар ч компани материалаа өгдөггүйг чи ойлгох хэрэгтэй. Бид төхөөрөмж бүрийг тухайн орон нутагт нь хүргэх учраас зардал, үнэ ингэж гарсан” гэв.
О.Пүрэвдорж захирлын хэлсэн 22,000 юаны үнэ өртөгийг тухайн өдрийн монголбанкны нэрлэсэн ханшаар тооцож үзэхэд нэг төхөөрөмжийг худалдан авсан үнэ 8,890,640 төгрөг болж байна (гааль, татвар, тээврийн зардал ороогүйг анхаарна уу).
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын төрийн байгууллагууд гадаадын улс орнуудаас бараа материал худалдан авах тендер зарлахдаа зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй, хэтэрхий хөөсрүүлсэн өндөр үнээр худалдан авах ажил зарладгийг эндээс харж болохоор байна.
Зах зээлийн үнэлгээнээс 10 дахин, тендерт шалгарсан компанийх нь нэрлэсэн үнээс 3 дахин өндөр дүнтэй худалдан авалтыг энэ мэтчилэн зарлаж, төсвийн хөрөнгөөр туйлж байгаа нь эцэстээ хэн гэдэг албан тушаалтан өөртөө ашиг унагаах зорилго өвөртөлсөн бэ гэх асуултыг төрүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арайчдээ
Төсвийг ингэж тонож байгаа хүмүүсийг ажиллуул байгаа энэ яам болих хариуцлага тооцох ёстой л баймаар Ийм байхад бид яаж хөгжих вэ Ямарч сэтгэлгүй юмаа Ерөнхий сайд аа
овоо хэдэн хүн том хар машинаа авч дээ