СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: УБ-Дарханы автозамыг БНХАУ-ын төрийн бодлогоор гацаасан уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Зам тээврийн хөгжлийн яамны захиалга, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын төсөл энэ жил ашиглалтад орохгүй нь тодорхой болсон.

Учир нь уг төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Чайна стэйт констракшн шинжиан констракшн инженеринг групп” нь уг төслийг хэрэгжүүлэх боломжгүй тул төслөөс гарч байна гэдэг албан бичгийг Зам тээврийн хөгжлийн яаманд ирүүлээд байгаа аж.

Ингэснээр тус компанитай байгуулсан гэрээг цуцлах, шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг олон үе шаттай ажлууд  ар араасаа хөврөх бөгөөд Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ашиглалтад орох хугацаа ч тодорхойгүй болжээ.

Тендерээс гарч буйгаа илэрхийлсэн БНХАУ-ын төрийн өмчит “Чайна стэйт констракшн шинжиан констракшн инженеринг групп” нь Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км автозам, Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замыг тавина хэмээн тендерт шалгарч, Азийн хөгжлийн банкнаас мөнгөө авчихаад 2019 онд ердөө 5-9 хувийн гүйцэтгэлтэй ажил хийж Монголчуудыг хорлосон байгаа нь анхаарал татаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын зөвлөх “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн захирал С.Очирбатын хэлж буйгаар УБ-Дархан чиглэлийн автозамын тендерт оролцогч БНХАУ-ын төрийн өмчит компани зам тавихад хүрэхээргүй хэтэрхий бага үнийг санал болгож тендерт ялжээ.

Тэгмэгцээ УБ-Дархан чиглэлийн хуучин автозамыг хуулчихаад шинээр тавих ажлаа огт хийхгүй байсан тул зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компанийн зүгээс 2019 оны долдугаар сараас эхлэн огт тендерт шалгарч авсан зам барилгаа ажлаа эхлүүл гэсэн шаардлага хүргүүлж эхэлсэн байгаа баримт нь энэ.

Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийн хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлд зорчих хэсгийн 4 эгнээтэй, 204.11 км урт автозамыг барих шийдвэр гарсан.

Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг ажил удааширч гацаж буй өөр нэг гол шалтгаан нь Захиалагчийн төлөөлж оролцсон Зам тээврийн хөгжлийн яам болон тус яамны авлигач дарга нараас болсон гээд хэлчихэд буруудахгүй.

Тухайлбал, 83 сая долларын төсөвт өртөгтэй зам барилгын ажлын тендерийн хорооны гишүүн болох ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нь тухайн замын гүйцэтгэгчээс авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд болон тус яамны газрын дарга Х.Минжбадам нар нь замын тендер сонгон шалгаруулах ажилд хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр АТГ-ынханд баривчлагдлаа, шүүгдэж байна гэдэг мэдээлэл өнгөрсөн жилийн турш хэвлэл мэдээллээр явснаас үзвэл уг замын тендер шалгаруулалтаас эхлээд бүхий л ажил нь мордохын хазгай гэгч байсан бололтой.  

Анхнаасаа авлига албан тушаал гэмт хэрэг зөрчилтэй, хэл ам дагуулж эхэлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозам хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, гүйцэтгэгчийг шинээр сонгон шалгаруулах ажил нь гацсан байхад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уг ажил болж байна бүтэж байна, бараг л өнөө маргаашгүй ашиглалтад орно хэмээн ард иргэдээ хуурсан худал мэдээллийг өгсөөр байгаа нь харамсалтай.

Эцэст нь хэлэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамыг шинээр тавих тендерт шалгарсан БНХАУ-ын таван компани нь хуучин замыг хуулж хаясны улмаас Монголын ард иргэд амь, нас эд хөрөнгөөрөө хохирсоор хоёр жилийн нүүрийг үзээд байна.

Энэ замын ажлыг гацаасан БНХАУ-ын төрийн өмчит компанитай хатуу хариуцлага тооцуулж, энэ асуудлыг хоёр улсын засгийн хүрээнд яаралтай шийдвэрлэхгүй бол Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам цаашид хэдэн ч жил үргэлжилж мэдэхээр байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.73

Buudahgui dee

зочин
4 жилийн өмнө
64.119.23.85

Европ ОХУ аас импортыг бууруулаж харилцааг суларуулаж Хятадын импортыг оргожуулэн эзлэн авч хорлох алсын бодолыг нь гуйцэлдуулсэн манайЗГ торийн яамны сайд дарга нарт маш хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.