Ким Кардашиан Уэст болон Холливудын бусад алдартнууд "үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээлэл"-ийн тархалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, "Facebook", "Instagram" гэх мэт олон нийтийн сүлжээнүүдээ ашиглахаас татгалзаж байгаагаа мэдэгдэв.
Тэрээр мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ "Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан ташаа мэдээлэл нь манай сонгуульд ноцтой нөлөөлж, ардчиллыг маань доройтуулж байна. АНУ-ыг хэдэн хэсэгт хуваан, хагалан бутаргах зорилготой бүлэглэлүүд эдгээр платформ дээр үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээлэл тараасаар байгааг би зүгээр хараад сууж чадахгүй" гэжээ.
Энэхүү алхам нь иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн зохион байгуулж буй #StopHateforProfit кампанит ажлын нэг хэсэг аж. Энэ лхагва гарагт болох хөдөлгөөний хүрээнд одууд олон нийтийн сүлжээн дэх хуудаснуудаа 24 цагийн турш ашиглахгүй байх гэнэ.
Бойкотод оролцохоор болсон бусад алдартнуудын дунд жүжигчин Леонардо Ди Каприо, Саша Барон Коэн, Женнифер Лоуренс, Эштон Катчер болон дуучин Кэти Перри нар багтаж байгаа юм.
Энэ жилийн зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн #StopHateforProfit кампанит ажлыг зохион байгуулагчид "Facebook", "Instagram"-ыг үзэн ядах үзэл бодол, худал мэдээллийг зогсоох тал дээр хангалттай ажил хийгээгүй хэмээн буруутгаж байгаа аж. Энэхүү хөдөлгөөний үр дүнд "Facebook"-ийн хувьцаа эрс унаж, тус компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн нэр дээрх хөрөнгө 7.2 тэрбум ам.доллароор буурсан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.