ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг өнгөрсөн сард хордуулснаас хойш ХБНГУ-ын Берлин хотын Чарите эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сар орчим хугацаанд комд байсан тэмцэгч комоос гарч, амьсгалын аппаратаа салгуулсан талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Түүнийг Зөвлөлтийн үед үйлдвэрлэж эхэлсэн Новичок хороор хордуулсан гэж Германы Засгийн газар дүгнэлт хийсэн. Харин сөрөг хүчний тэмцэгч амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан ч ОХУ руу буцаж очихоо хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш энэ тухай Твиттер хуудсанд нийтэлжээ.
Харин биеийн байдал нь гэнэт муудаж хордсоноосоо хойш Навальный анх удаа өөрийн Инстаграм хуудсандаа зургаа оруулжээ. Ингэхдээ зургийн тайлбар хэсэгт “Сайнуу, би Навальный байна. Би та нарыг их саналаа. Одоогоор хүч чадал муутай байгаа ч өчигдөр бүхэл өдөржин би аппаратны тусламжгүй өөрөөрөө амьсгалсан. Энэ миний хувьд маш чухал” хэмээн бичжээ.
Кира Ярмыш “Бүгдэд нь өглөөний мэнд дэвшүүлье. Сэтгүүлч, сурвалжлагчид надаас Алексей Орост буцаж ирэх нь үнэн үү гэж их асууж байна. Би та бүхэнд дахин батлан хэлье. Одоогоор бидэнд өөр хувилбар байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Чарите эмнэлгийн гадаа цагдаа нар харуул хамгаалалтад гарсан байдалтай байна. Зэвсэглэсэн цагдаагийн хоёр офицер нэг нэгээрээ ээлжлэн орох гарцыг хянаж байгаа ажээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр эмнэлгийн дотор талд өөр хоёр цагдаагийн ажилтан Навальныйг хамгаалж байгаа юм.
Энэ хооронд Оросын нийслэл Москва хотод Кремлийн ордонд сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хүлээж авч уулзалт хийх шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бидэнд тиймэрхүү уулзалт хэрэггүй учир зохион байгуулахгүй гэж бодож байна хэмээн мэдэгджээ. Навальныйг Новичокоор хордуулсан тухай Германы Засгийн газар мэдэгдсэнээс хойш Кремлийн ордноос Европын орнууд хариулт нэхэж, харин сөрөг хүчнийг дэмжигчид Ерөнхийлөгч Владимир Путиныг аллагын захиалга өгсөн хэмээн буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.