БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдрөөс манай улсад албан ёсны айлчлал хийж эхэлсэн. Түүний айлчлалыг угтаж эсэргүүцлийн жагсаалыг төв талбай дээр хэсэг иргэд зохион байгууллаа.
Цугласан иргэд "Монгол бичгээ хамгаалья", "Монгол бичгээ аварья" гэсэн уриан дор жагсаж байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-д хандан шаардлагаа тавьж байгаа ажээ. Жагсагчид бүгд шаардлагаа босоо монгол бичгээр бичсэн байна.
Иргэд:
-Гутамшигтай байна. Эх хэлийг маань хамгаалж, өвөрлөгч ахан дүүсийг маань бүү тулган шаард...
-Өвөр Монгол-Ар Монгол нэг үндэстэн. Өвөрлөгч ахан дүүсээ бид дэмжиж байна...
-Их гүрний дээрэнгүй бодлогыг эсэргүүцэж байна...
-Дэлхий нийтэд босоо монгол бичгийн хамгаалж байгааг ойлгуулахын тулд нэгдэж, жагсаж байна гэх зэргээр манай сурвалжлагчид ярьлаа.
Улаанбаатар хотноо амьдарч буй ӨвөрМонгол иргэд жагсагчидтай нэгджээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд:
БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны дунд сургуулиудад хичээлийг монгол хэлээр бус хятад хэлээр зааж эхэлснийг эсэргүүцсэн тэмцэл дэлхийн анхаарлын төвд байна. Тодруулбал, шинэ журмын дагуу Өвөрмонгол хүүхдүүдэд заадаг гол гурван хичээлийг Хятадын албан ёсны хэл болох мандаринаар заахаар болсныг БНХАУ-ын хойд нутгийн Өвөрмонголчууд эсэргүүцэн жагссан юм.
Харин Бээжин хотод болсон Хятад улсын гадаад хэргийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр энэ асуудал сөхөгдөж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь тайлбар өгсөн. Тэрээр “Холбогдох бүх хууль тогтоомжийн хүрээнд Хятад улсын Засгийн газар монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн эх хэл бичгийг хэрэглэх, хөгжүүлэх эрх чөлөөг хангаж өгдөг. 2017 оноос орон даяар бүх дунд сургуулиудад уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Үндэсний Сурах Бичгийн Хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн.
Энэ оноос Өвөрмонгол зэрэг зургаан муж, өөртөө засах оронд эдгээр сурах бичгийг нэвтрүүлж байгаа. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичиг хэвээр хадгалагдаж байгаа. Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.