Монгол улсын аварга Н.Батсуурь өнөөдөр хэвлэлийн бага зарлан, БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариу, өөрийн шээснээс илэрсэн сэргээшийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэв.
Сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрснөөрөө тэрээр жишиг тогтоолоо. Өмнө нь тамирчид, тэр дундаа бөхчүүд түүний нэгэн адил сэргээшийн хариугаа хүлээн зөвшөөрөхгүй, эрс эсэргүүцдэг байв.
2000 оны эхэн үед Монгол улсын дархан аварга А.Сүхбат өөрийнх нь шээснээс илэрсэн шинжилгээний хариуг тухайн үеийн МҮБХ-ны удирдлагуудтай холбон тайлбарлаж, тэдэнтэй тэмцэхээ илэрхийлэн займчуулж байлаа. Цагтаа хадам аав нь байсан, Дархан аварга Х.Баянмөнх мөн хүргэнээ өмөөрч “Р.Нямдорж, Д.Данзан нартай ясаа цайтал үзнэ” хэмээн мэдэгдэж байсан нь сонины шарласан хуудаснаа үлджээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Тулгар төрөө байгуулсны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадамд ес даван түрүүлсэн Монгол улсын аварга Э.Оюунболд өөрийн шээснээс илэрсэн сэргээшийг /дөрвөн төрлийн эм.Сур/ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн, “хэн нэгэн этгээд шээсний шинжилгээг сольсон” тухай урьдчилж бэлтгэсэн бичлэгийг олон түмэн рүү илгээж, улмаар шүүхдэж байв. Гэвч түүний багштайгаа харьцаж байсан харилцан яриа олонд ил болоод байгаа.
Энэ мэтээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй мэлзэх, хэн нэгэн рүү тохох, шүүхдэх явдал байсаар байсан нь улсын аварга Н.Батсууриар “таслагдаж”, бусдадаа үлгэр жишээ боллоо. Ингэж хэлснээрээ түүний биеэс илэрсэн сэргээшийг зөвтгөх гэсэнгүй. Хүлээн зөвшөөрсөн нь том ололт юм гэдгийг хэлэх гэсэн юм.
Тэрбээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг хүлээн зөвшөөрч, үл марган, Б сорьцын хариуг үзнэ гэхгүй гэдгээ мэдэгдлээ. Харин өөрийнх нь шээснээс илэрсэн S4 бүлэглэлд багтах Терамизидан, манайд худалдаалдгаар Президин гэх эмийг хэрэглээгүй гэдгээ учирлав.
Учир нь Улсын аварга Н.Батсуурийн хувьд зүрхний өвчин, зовиур үгүй, энэхүү эмийг уух шаардлагагүй учир хэн нэгэн этгээд түүний хоол хүнсэнд хольж өгсөн гэж хардаж байгаагаа нуусангүй. Иймд “Залуу бөхчүүдэд хэлэхэд ууж идэхдээ анхааралтай байгаарай. Энэ эмийг хэн нэгэн ууж идэхэд хольж өгсөн нь гарцаагүй. Тэрнээс, Дархан аварга цолыг мөрөөдөж байгаа миний хувьд бэлтгэлээ сайн хийхээ бодохоос сэргээш хэрэглэх тухай ямар ч бодол байхгүй. Шинжилгээний хариу хэрэглэхдээ "МАШ БАГА" гэж гарсан хэдий ч миний бие ямар ч хариуцлага оногдуулсан, хүлээн зөвшөөрнө” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
жудпагтай мундаг аварга юм даа