Тайландын үндэсний агаарын тээврийн "Thai Airways" компани Бангкок дахь төв оффистоо онгоцны хоолоор үйлчилдэг ресторан нээсэн байна. Цар тахлын улмаас олон сарын турш нисээгүй иргэд нисэх онгоцоор зорчих үеийн мэдрэмжийг авахаар энэхүү зоогийн газраар ихээр үйлчлүүлж байгаа гэнэ.
Тус улс энэ жилийн дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш бүх зорчигч тээврийн нислэг үйлдэхийг хориглоод байгаа бөгөөд санхүүгийн хувьд хэцүү байдалд орсон "Thai Airways" компани уг рестораныг энэ сарын 3-ны өдрөөс нээн, шинэ туршилтаа хэрэгжүүлээд байгаа юм. Тус компани төв оффисынхоо рестораныг тэр чигээр нь нисэх онгоцны загвартай болгон, зөвхөн "Thai Airways"-ийн нислэгийн хоолоор үйлчилдэг болсон байна.
Агаарт буй мэт мэдрэмжийг бүрдүүлэхийн тулд зоогийн газрын ердийн сандлуудыг онгоцны суудлаар сольж, хуучин онгоцны хөдөлгүүрийн хэсгүүдээр ширээ урласан байна. Түүнчлэн онгоцны цонх, сэнсний ир гэх мэт сэлбэг хэрэгслийг тавилга болгон ашиглажээ.
Олон улсын нислэгийн үндсэн цэсийн бүх хоол өглөөний 09:00 цагаас эхлэн гардаг бөгөөд хоол тус бүр нь 3-5 ам.долларын үнэтэй байдаг аж. Мөн үүнээс өмнө "Thai Airways" компани нислэгээс илүү гарсан хоолоо өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн иргэдэд авч явах боломжтойгоор санал болгож байсан юм.
Уг ресторанаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэд цахимаар захиалга өгч, тусгай "тасалбар"-аа харуулан нэвтрэх хэрэгтэй аж. Түүнчлэн бүр экономи болон бизнес ангиллын суудлаа сонгох боломжтой гэнэ.
Эх сурвалж: Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.