Усны давлагаан дээгүүр "нисдэг" дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүртэй, гидрофойл хурдны завь Швейцарын нууруудаар аялж эхэлжээ. Давалгаанд хүрэхгүйгээр хурдлах эдгээр завь нь эрчим хүч зарцуулалт болон дуу чимээг багасгаж, зорчигчдын дотор муухайрахаас сэргийлдэг байна.
"Candela Seven" нэртэй уг хурдны завины доор орших гидрофойл нь түүнийг усны гадаргуугаас өргөж өгдөг бөгөөд үүний тусламжтайгаар завь цагт 55 км хурдлах чадвартай аж. Бусад цахилгаан завьтай харьцуулахад илүү хол зайг илүү зөөлөн туулах болно гэж үйлдвэрлэгчид нь хэлжээ.
Тусгай гидрофойл нь усны үрэлтийг бууруулж, завийг хүчтэй цохих давлагааны нөлөөг багасгаснаар ердийн дизель хөдөлгүүртэй завьтай харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 80 хувиар бууруулдаг байна. Мөн үүний ачаар уг завь 90 км хүртэлх замыг туулах боломжтой болох юм.
Нүүрстөрөгчийн мяндсаар хийгдсэн "Candela Seven" завин дээр түүнчлэн тусгай компьютерын систем байх бөгөөд энэ нь гидрофойлын байрлалыг секундэд 100 удаа автоматаар тохируулдаг аж. Ингэснээр завины дайвалзах хөдөлгөөн бараг байхгүй болох гэнэ.
Өнөөг хүртэл цахилгаан завинууд батарейныхаа хүчин чадлын хязгаарын улмаас хурд эсвэл аялах зайгаа золиослох хэрэгтэй болоод байжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Швейцарын Люсорн нуурт нээлтээ хийсэн "Candela Seven" завь нь Европын аялал жуулчлалын бизнест шинэ хуудсыг нээнэ гэж тус завины үйлдвэрлэгч нар найдаж байв. Стокголмд төвтэй "Candela Speed Boat" компани нь өнгөрсөн жилээс хойш 16 завийг зах зээлд нийлүүлээд байгаа аж.
Завины үнэ нь 250 мянган евро буюу 296 мянган ам.доллароос эхэлж байна.
Та доорх бичлэгээс "Candela Seven" хурдны завийг энгийн хурдны завьтай харьцуулахад ямар үр дүн гарсныг үзэж болно.
Мөн уг виртуал бичлэгийг сонирхон, тус завин дээр өөрийн биеэр суусан мэт мэдрэмжийг аваарай.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.