Халуун сэдэв: Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
Эдийн засагч Н.Энхбаяр:
-Ковид-19 дэгдэх үед улс орнуудын аль нь ч бэлэн байгаагүй. Ялангуяа эдийн засгийн хувьд. Манай улсын хувьд хүндрэлтэй, ялгаатай тал нь юу байна вэ гэхээр Ковид-19-ээс өмнө суурь эдийн засаг маань хүнд байсан. 2008-2009 оноос түүхий эдийн үнэ огцом өссөнөөс хойш манай улсын эдийн засаг түүхий эдийн үнийн хараат болсон. Үүнийг "Голланд өвчин" гэж ярьдаг. Бусад улс орнуудын жишгээс харахад Монгол Улсад орж ирэх орлогууд савлагаатай байх тул зөв менежмэнт хийх хэрэгтэй. 2010-2020 оны манай улсын төсвийн менежментийг харахад дутагдалтай байна. Төсвийн тогтвортой байдлын хууль гарсан боловч тэр хуулиа удаа дараа өөрчилсөөр байгаад алдагдсан.
Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага дагаад өсдөг. Төсвийн зардлаа багасгах тогтвортой бодлого байхгүйн улмаас дөрвөн жилийн сонгууль дагасан төсвийн бодлоготой болж хувираад байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засагт гурван асуудал байна.
-Түүхий эдийн хамааралтай учир байгаа төсвийн менежментээ яаж шийдэх
-Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамт
-Ковид-19 үед учир байгаа эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван гарах
Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамтаас хэрхэн гарах вэ гэхээр төсвөө алдагдал багатай батлах. Төсвийн алдагдал бага байна гэдэг бол шинээр гаргах бонд гаргахаа багасгана гэсэн үг. Тэгэхээр ирэх жилүүдэд одоогийн байгаа өрнөөс гадна шинэ өр үүсэхгүй давуу талтай. Энэ жилийн хувьд 9.9 хувьтай үүссэн төсвийн алдагдлаа нөхнө гээд Төсвийн тодотгол дээр тавьчихсан байгаа ч 2020 гүйцэтгэл дээр энэ хэмжээгээр гаргахгүй байх талтай.
Түүхийн эдийн үнээс орж ирж байгаа 1-2 жилийн огцом өсөлтийг төсөвтөө зарж болохгүй. Уг мөнгийг тусгай сандаа байрлуулж, ирэх жилүүдэд өгөх гадаад өр төлбөр болон тэтгэврийн сангийн хуримтлал бий болгох асуудалдаа зарцуулах ёстой.
Тэгж байж жил жилийн төсвийн хэт их өсөлтийг байхгүй болгож, тодорхой хэмжээний бага зарлага дээрээ амьдраад сурчих юм бол эрүүл буюу Голланд өвчин байхгүй болно.
Ирэх жилүүдэд хийгдэж байгаа томоохон төслүүд нь дандаа уул уурхайн төслүүд байгаа. Монгол Улсын эдийн засаг уул, уурхайгаас хамааралтай байдал нь ойрын 10 жилдээ явах байх. Тэгэхээр энэ нөхцөлд орж ирж байгаа орлогыг зөв менежмент хийдэг тогтолцоо руу одооноос маш нягт нямбай орохгүй бол эдийн засгийн хүндрэлтэй байдал үргэлжлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.