Ном бол ертөнцийг харах цонх билээ. Хүний хөгжилд ном хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүссэн номоо өөрт ойрхон газраас, цаг хэмнэн авч уншъя гэхэд орон нутагт номын дэлгүүр цөөн, Улаанбаатарт төвлөрсөн байдаг нь зарим уншигчдад хязгаар бий болдог.
Тиймээс бид хүүхэд багачууд, залуусаа номонд дуртай болгоход анхаарч, орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Үүний нэг жишээ бол номын “АТМ” буюу номын худалдааны автомат машиныг “Аз хур” номын дэлгүүрээс санаачлан хэд хэдэн цэгт байршуулжээ. Энэ нь хотын төвөөс алслагдсан бүсээс эхэлж байгаа нь сайшаалтай.
Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй бүсийн нэг, “Драгон” төвд байрлах анхны номын АТМ-ын талаар сурвалжиллаа. “Драгон” үйлчилгээний төв дэх Авто тээврийн үндэсний төвийн харьяа газар нь Сонгинохайрхан зорчигч тээврийн төв 17 аймаг, Эрээн, Улаан-Үүдийн чиглэлд авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Тиймдээ ч өдөрт 10-13 мянган хүн тус төвөөр үйлчлүүлдэг байна. Хотын баруун хэсэг, олны хөл холхисон, ачаалалтай энэ цэгт номын автомат машин байршуулсан нь цаг үеэ мэдэрсэн, уншигчдад ойр үйлчилгээ болжээ.
Энд хөдөө орон нутаг, бусад чиглэлд явах зорчигчид, банкуудын АТМ-ээс гадна, дэлгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдэд хөл гишгэх зайгүй. Нэг давхрын зүүн талын хаалгаар ормогц, баруун хойд талд “ХААН” банк, “Худалдаа хөгжлийн банк”-ны АТМ-ны наана, номын хоёр АТМ-ыг байршуулжээ. Энэ бол нэг нь “Аз хур” номын дэлгүүрийнх нөгөө нь “Booklo” номын онлайн дэлгүүрийн автомат машин юм.
Эгч, дүү хоёр автомат машиныг харж, бүх номуудын нэрийг алгасалгүйгээр уншин, хуруугаараа заан зогсох нь нүдэнд туслаа. Хүүхэд хаана ч шинэ, содон зүйлийг харж байдаг, сониучхан зантайг үүнээс харж болох. Дүү нь “Би энэ “Бидний харж чадахгүй гэрэл гэгээ” номыг авмаар байна. Энд ийм гоё номнууд зарж байгааг мэдсэн бол ээжээс мөнгө авдаг байж” гэсэн ярианаас нь ном унших дуртайг нь мэдэж болохоор. Эгчийг нь Х.Алтанцэцэг гэх бөгөөд дүүгээ Ховдын автобусанд суулгахаар иржээ. Анх удаа номын АТМ-ыг харж байгаа нь энэ гэнэ.
Тэднээс гадна мөнгө авахаар дараалал үүсгэсэн олон хүн тус номнууд руу харж зогсох юм. Харж, сонирхож байгаа ч номыг худалдан авч байгаа хүн ер харагдсангүй. Автомат машиныг байршуулаад удаагүй ч үйлчлүүлэгч бага байгаа нь, мэдээлэл бага байгаатай холбоотой ч байж мэднэ. Хятад улс 2018 онд Ви чатаараа төлбөрөө төлөн, 24 цагийн номын АТМ ашигладаг талаар фэйсбүүкт бичсэн байсан. Тэр олон хүн амтай, эрдэм боловсролыг эрхэмлэдэг улсын үйлчилгээ манайд нэвтэрсэн гэхэд баярлууштай. Үүнийг хараад ном уншдаггүй, сонирхдоггүй хэн ч авах, унших хүсэл төрөхөөр тийм сайхан орчин юм.
АТМ-д “Зоримог эмэгтэй”, “Тренди бүсгүй”, “Тод гэрэлтэх эмэгтэй”, “IELTS 600”, Тархины блок”, “Үзэхийн хязгаар”, “Хайрын дөчин дүрэм”, “Хосын жор” зэрэг уншигчдад эрэлттэй байгаа, номын дэлгүүрүүдийн бестселлер 25 номыг байршуулжээ. Тус номууд зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай зарагдаж байгаа аж. Ном тус бүрийн нөөц нь 10 ширхэг байсныг дурдъя. Худалдан авалтын зарчмын тухайд авах номынхоо кодыг төхөөрөмжид хийсний дараа “Та төлбөрөө хийнэ үү” гэсэн бичиг гарч ирэхэд картаа зурж төлбөрөө хийн, номоо авах боломжтой. Үүнээс нэг давуу тал нь НӨАТ-ын баримт өгч байв. Хүн болгон бүртгэл гэсэн хэсэг дээр ebarimt-д бүртгэлтэй дугаараа хийвэл баримт автоматаар баталгаажих юм.
Шинэ үйлчилгээ учраас зарим тохиолдолд машин гацах, сүлжээ унавал лавлах утаснаас асуух боломжтой байна. Мөн номын нимгэн зузаанаас шалтгаалан төлбөр хийсний дараа доош унахдаа хавтас, нурууг гэмтээх аюултай байна. Тиймээс ном тус бүрийг савлажээ. Цаашид салбарууд нэмэгдэнэ. “Аз хур” номын дэлгүүр одоогоор АТМ-ээ “Драгон” төвөөс гадна “Тэнгэр плаза” худалдааны төвд байршуулжээ. Цаашид III-IV хороололд “Solo Mall”, “Encanto Mall”, Яармаг чиглэлд “Оргил” худалдааны төв зэрэг хүн амын суурьшил ихтэй бүсэд байршуулахаар бэлтгэл ажил, туршилтаа хийж байгаа гэнэ. Автомат машины цэнэглэлт нь машин дахь номын нөөцөөс хамаараад 7-10 хоногт шинэ, шилдэг номуудыг оруулах юм.
“Аз хур” номын дэлгүүрийн Идэвхжүүлэлтийн менежер Р.Эрдэнэболд “Манайх номын худалдааны автомат машиныхаа талаарх мэдээллийг саяхнаас пэйж хуудсаараа дамжуулж эхэлсэн. Хүргэлтийн үйлчилгээгээрээ дамжуулаад аль бүсэд ямар төрлийн ном илүү зарагдаж, унших сонирхолтой байгааг ажигласан. Үүн дээр үндэслэн аль салбарын машиныг ямар төрлийн номоор цэнэглэхээ төлөвлөсөн байгаа. Уншигчдыг номын дэлгүүр орох шаардлагагүйгээр, номоо гэртэйгээ ойрхон машинаас авах боломжоор хангах үүднээс автомат машиныг байршуулж байна.
Шинэ үйлчилгээ учраас уншигчид одоохондоо худалдан авах гэхээсээ илүү сонирхож эхэлж байна. Хараахан хэрэглэж дадаагүй байх шиг. Бид төлөвлөсөн газруудад АТМ байршуулахаар, бодит худалдан авалтын зарчим, хэрэглэх талаас нь пэйж хуудсаараа мэдээлэл өгнө. Хэрэглэгчдийн зүгээс “Тийм ном нэмээд өгөөч, машинаа тэнд байршуулаад өгөөч” гэх мэтчлэн хүсэлтүүд ирж байгаа.
Цаг хугацаа хэмнэсэн, ашиглахад амар үйлчилгээ байна гэж талархлын сэтгэгдлүүд ч ирж байна” гэсэн юм. “Аз хур” номын дэлгүүрийнхэн тус үйлчилгээг нэвтрүүлэхээр олон жилийн өмнөөс ярьж байжээ. Өнгөрсөн жил холбогдох газруудтай нь холбоо тогтоож, автомат машин оруулж ирсэн нь энэ. Одоо тэд төлөвлөж буй цэгүүддээ номын худалдааны автомат машинаа байршуулахаар ажиллаж байна. Тиймээс иргэд өөрт ойр, номын АТМ-аасаа номоо авч уншихад дөхөм болох нь ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.