АНУ-ын Калифорни мужийн нэгэн "Taco Bell"-ийн гаднах цемент дээр суугаад, тус түргэн хоолны газрын үнэгүй интернэтийг ашиглан гэрийн даалгавраа хийж буй хоёр охины зураг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэдний түүх олон хүний анхаарлыг татсаны дараа эдгээр охид болон тэдний ээж 100 мянга гаруй ам.долларын хандивын мөнгө хүлээн авсан байна.
Охидын зургийг анх улс төрч Кевин де Леон өөрийн Твиттер хуудаснаа байршуулсан бөгөөд тэрээр "Энэ хоёр сурагч Wi-Fi ашиглахын тулд "Taco Bel"-ийн гадаа суугаад, цахим сургуульдаа "явж" байна. Энэ бол Калифорни, "Silicon Valley"-гийн эх нутаг ... гэвч дижитал ялгаа урьдын адил том хэвээр байна. Латин гаралтай хүмүүсийн 40 хувь нь интернэтэд холбогдоогүй. Энэ үеийнхэн илүү сайн зүйлийг хүртэх ёстой" хэмээн бичжээ.
Тэгвэл энэ явдал Жеки Лопес гэх эмэгтэйн анхаарлыг татсан бөгөөд тэрээр охидын гэр бүл түрээсэлж амьдардаг өрөөнөөсөө хөөгдөх гэж байгааг олж мэдсэн байна. Ингээд Лопес тэдэнд зориулан "GoFundMe" цахим хуудас хандивын аян эхлүүлсэн ба одоогоор уг төслийн хүрээнд 115 мянган ам.доллар цуглараад байгаа аж.
Лопес энэ талаар "Бүх хүүхэд аз жаргалтай амьдрах орчинтой байх ёстой бөгөөд эдгээр хичээл зүтгэлтэй бяцхан охид аюулгүй сурах орон зайтай байх эрхтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд тусалсан хүн бүхэнд талархаж байна" хэмээсэн юм. Түүнчлэн хандиваар түүний санаснаас их мөнгө цугласан тул тэрээр тус гэр бүлийг нягтлан бодогчтой холбож өгсөн гэнэ.
Үүнээс гадна Салинас хотын бага сургуулийн дүүргээс охидын гэр бүлд утасгүй интернэтийн "hotspot"-ийг санал болгосон байна.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Миний монгол хэзээ ийм болох бол....
Handiv tuslamj.n zunduu ayan baidag shd. Tsaaduul ni l davraad baidag bolohoos...