Монголын татварын алба, “Гааль, татвар, санхүү мэдээллийн төв” УҮГ хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох шийдлийг нэвтрүүлсэн талаар өчигдөр мэдээллээ. Аж ахуй нэгжүүд и-баримт олгохдоо заавал төхөөрөмж ашиглан цаас хэвлэхгүйгээр цахим хэлбэрээр шууд олгох шийдлийг нэвтрүүлсэн байна.
Тодруулбал, QR кодтой наалтыг тухайн байгууллагад нааж байршуулаад иргэд гар утаснаасаа “QRBARIMT” апп ашиглан уншуулж баримтаа цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ. Цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.
Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулах юм байна. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх юм. Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм байна.
"Бид И-баримт олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж байна. Өмнө нь ААН-үүд худалдан авагчдад баримт олгохдоо тусгай төхөөрөмж суурилуулж санхүүгийн хүндрэлд хүрдэг байсан бол QR баримтыг нэвтрүүлснээр Монгол Улсын хаанаас ч И-баримтыг олгох боломжтой боллоо. Бид А5-А7 хэмжээтэй QR кодтой наалтыг ААН-үүдэд байрлуулснаар иргэд “QRBARIMT” апп-аар QR кодыг уншуулж худалдан авалтынхаа мэдээллийг оруулаад худалдагчаас зөвшөөрсөн мэдэгдэл ирсний дараа автоматаар и-баримтаа авах болно."
НӨАТ-ын буцаан олголтоор 2019 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум төгрөг өгчээ. Харин энэ онд шинэ хуулийн хэрэгжилтээр улирал болгон буцаан олголт олгодог болсноор нэгдүгээр улирал 157 мянган иргэнд 35 тэрбум төгрөг, хоёрдугаар улирал 893 мянган иргэнд 38 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Түүнчлэн НӨАТ-ын орлого 2016 онд 500 тэрбум төгрөг байсан бол 2019 оны эцэс гэхэд 1.1 их наяд төгрөг хүртэл өсчээ.
Мөн иргэдийн санал гомдол 2017 онд 2900 орчим өргөдөл, гомдол ирж байсан бол цахимаар хүлээн авдаг болсноор энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Иргэн бүр татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг “ebarimt” аппликейшнаар үүсгэж авах боломжтой болсон. Тиймээс иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгож болно. Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд сэргээн авах боломжтой юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.20 ПҮРЭВ № 160 (6385)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.