Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод байрлах Саранг Жэил сүмтэй холбоотой коронавирусийн халдварын тохиолдол 600 давсан болохыг тус улсын эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэв.
Тус сүмийн тэргүүн Жүн Кванг Хун нь хэт барууны үзэлтэн бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг идэвхтэй шүүмжилсээр ирсэн юм. Тэрээр өнгөрөгч бямба гарагт сүмийнхээ гишүүдийн хамт Засгийн газрын эсрэг томоохон жагсаалд оролцсон билээ.
Тэгвэл энэхүү жагсаалын дараа Солонгосын халдварын тархалт улам дордсон бөгөөд албаныхан одоог хүртэл тус жагсаалд оролцсон олон мянган хүнтэй холбоо тогтоох гэж оролдож байгааг Эрүүл мэндийн дэд сайд Ким Ганг Лип мэдэгджээ. Харин сүмийн тэргүүн Жүн Кванг Хун нь коронавирустэй болох нь тогтоогдон, даваа гарагаас хойш эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 623 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа ба нийт гурван мянга орчим шинжилгээ хийгдээд байгаа гэдгийг Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал Квон Жун Вук хэлэв. Цагдаа нар дахиад 600 орчим сүмийн гишүүнтэй холбоо тогтоох гэж оролдсоор байгаа гэнэ.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр тус улсад коронавирусийн 297 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 8-наас хойш нэг өдөрт хамгийн их нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.