БНХАУ коронавирусийн эсрэг вакцины анхны патентыг тус улсын Цэргийн анагаах ухааны академийн судлаач Чен Вэй болон Хятадын биотехнологийн "CanSino Biologics" компанийн гарган авсан аденовирусийн векторын вакцинд олгожээ.
Патент авах хүсэлтийг гуравдугаар сарын 18-нд албан ёсоор гаргасан бөгөөд энэ сарын 11-нд батлагдсан байна.
"Ad5-nCoV" нэртэй энэхүү вакцин нь хүчийг нь сулруулсан ханиадны вирусээр дамжуулан шинэ коронавирусийн генетикийн материалыг хүний биед нэвтрүүлдэг аж. Үүний үр дүнд хүний бие махбод коронавирусийн S уургийг танин, түүнийг устгах чадвартай эсрэг биетүүд ялгаруулж сурах юм.
Одоогоор тус вакцины хоёр дахь шатны клиник туршилт нь дууссан бөгөөд уг туршилтаар "Ad5-nCoV" вакцины аюулгүй байдлыг баталгаажуулсан байна. Түүнчлэн коронавирусийн эсрэг дархлааг амжилттай өдөөсөн гэдгийг өнгөрсөн сард нийтлэгдсэн судалгаагаар тогтоосон байна. Вакцины гурав дахь шатны клиник туршилтын ажил эхлээд байгаа бөгөөд энэ удаагийн туршилтаар илүү олон сайн дурын оролцогч хамрагдаад зогсолгүй туршилт гадаадад явагдах ажээ.
Эх сурвалж: China Daily
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.