“НОСК” ХК нь Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2017 онд боловсруулан батлуулж амжилттай хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцны санг бий болгож орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг анх удаа цахим хэлбэрт шилжүүлэн энгийн түрээс болон түрээслээд өмчлөх орон сууцны хэлбэрийг нэвтрүүлэн нийт 6235 иргэнийг хамруулаад байна.
Мөн шинэ төрлийн коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэхээр галын шугамд ажиллаж байгаа “Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцаар хангах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу 1000 албан хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Мөн иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг санаачлан өнгөрсөн оны 11-р сард эхлүүлэн хагас жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9,10 дугаар хороонд нийтдээ 6,4 га газарт 125 нэгж талбар, Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайз орчим 4,5 га газарт 81 нэгж талбарт буюу нийтдээ 720 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж шинэ орон сууцандаа орсон байна. Дээрх байршлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд 500 орчим айлын янданг бодитойгоор буулгажээ.
“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлын нээлт, шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд 43,3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, хоёр өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Энэхүү шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж буйгаараа бусад төслүүдээс онцлогтой буюу давуу талтай шийдэл болж байна. Морингийн давааны дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мон илч” ХХК, “Рино Инженеринг” ХХК-ий түншлэл хамтран гүйцэтгэх бол Азийн хөгжлийн банкны 5,0 сая ам.долларын санхүүжилтаар цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.