Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, ковид-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амалсан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц байдал, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг "Дэлхий дахинаа үүссэн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад гадаад хамтын ажиллагааг урьд онуудын жишгээр урьдчилан төлөвлөөд, тогтмол хугацаанд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа. Гэсэн хэдийн ч бид хөрш орнуудтайгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээх нь нэн тэргүүний зорилго болж байна.
Үүссэн нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлж байгаа нь хилийн боомтын "Ногоон гарц" түр журам юм.
Энэ журам хэрэгжиж эхэлснээр монгол жолооч нар Хятадын хилээр нэвтэрч ачаа бараа тээвэрлэх боломж өргөжиж, хялбаршсан. Мөн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрт зайлшгүй оролцох шаардлагатай инженер, техникийн ажилтнууд зорчих боломжийг нээсэн.
Иргэд, аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулж, цахим худалдааг дэмжих заалт мөн дээрх журамд тусгагдсан.
Мөн манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход хил гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг богиносгож, шуурхай болгоход чиглэж буй юм. Ингэснээр ачаа барааны эргэлтийг түргэн шуурхай болох, томоохон төслийг эрчимжүүлэхээр тусгасан.
"Ногоон гарц"-ын журмаар зорчих хүсэлтэй иргэд хоёр талын холбогдох байгууллагаас зөвшөөрөл хүсэж, зөвшөөрөл гарсны дараагаар COVID-19-ийн шинжилгээнд хамрагдаж байж нэвтэрнэ.
Хил нэвтэрсний дараагаар тухайн улсад мөрдөгдөж буй дэглэмийг мөрдөнө. Энэ дагуу манай улсад зорчсон хүмүүс 21-14 тусгаарлалтын горимыг мөрдөнө" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.