Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Коронавирус дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 16 сая 858 мянган хүн өвчилж, 665 мянган хүн нас баржээ. Харин 10 сая хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 215 мянган хүн шинээр өвчилж, 5 мянга гаруй хүн нас барсан.
Манай улсад сүүлийн 24 цагт 198 хүн шинээр ажиглалтад орж, 277 хүн гарч, гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогийн байдлаар 2616 хүн тусгаарлан ажиглах байранд байгаа юм. Эдгээр иргэдэд 72 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 50 хүн байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр иргэдэд 12 их эмч, 41 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Шуурхай 119 дугаарт өчигдөр 158 дуудлага ирж коронавирусийн эмнэл зүйн талаар зөвлөгөө авсан" гэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 29-нд нийтдээ 520 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц "Сөрөг" гарч, коронавирус илрээгүй.
Монгол Улсад 291 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 225, эмчлэгдэж буй 66 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 62, хүндэвтэр гурав, хүнд нэг иргэн байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.