Хүннү гүрний тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын 512 хүчит бөхийн барилдаанд тав давж улсын начин болсон Оюунбаатарын МөнхЭрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх. Улсын наадмын тавын даваанд Монгол Улсын аварга С.Мөнхбатыг давж, энэ жилийн наадмын хамгийн залуу улсын начин болсон.
-Энэ наадмаар Монгол Улсын начин цол хүртсэнд тань баяр хүргэе. Улсын цолонд хүрч барилдахдаа хэр итгэлтэй байсан бэ?
-Баярлалаа. Бэлтгэл сайн хангагдсан болохоор өөртөө итгэлтэй барилдсан. Гэхдээ барилдааныг таашгүй. Ямар ч барилдаан гарч болно. Тухайн өдрийн аз, од гийвэл улсын цол хүртэнэ гэж бодсон.
-Үзэгчгүй явагдсан наадам ямар санагдав?
- Энэ жилийн наадам зэлүүд, хээр газар үзэгчгүй явагдсанаараа онцлогтой байлаа. Эртний уламжлалаа дагаад үндэсний дээл, хувцсаараа гоёсон сайхан наадам болсон.
-Улсын баяр наадамд хэд дэх жилдээ барилдаж байгаа вэ?
-Улсын баяр наадамд анх 2016 онд барилдаж гурав даваад, дөрвийн даваанд өвдөг шороодсон. Түүнээс хойш улсын наадамд барилдаагүй. Энэ жил зодоглолоо.
-Улс, аймгийн цолтой ямар бөхчүүдийг давж улсын начин цолонд хүрэв?
-Нэгийн даваанд цэрэгтэй таарсан. Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодномыг давсан. Харин гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр багш маань намайг амлан авч, тунаасаас гаргаж өгсөн. Дөрвийн даваанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Батзаяаг давж, тавын даваанд С.Мөнхбат аварга намайг амлаж авсан.
-Наадмын бэлтгэл сургуулилалт тань сайн таарчээ?
-Өнгөрсөн намар, өвөл, хавар бэлтгэлээ сайн базаасан. Үндсэн бэлтгэлээ “Алдар” спорт хороонд хүчний бэлтгэлийг “Кросс” бялдаржуулах төвийн зааланд хийсэн. Харин дэвжээний бэлтгэлээ Спортын төв ордонд хангасан. Үндэсний бөхийн бэлтгэлээ “Мөнхийн үсэг” группийн спорт зааланд базаалаа.
-Наадмын бэлтгэлдээ хаана, ямар бөхийн галд гарав?
-Манай Архангай аймгийн “Бөх Билэгт” дэвжээний гал Сүүж-Уул амралтын баазад дөрөв дэх жилдээ гарсан.
-“Бөх Билэгт” дэвжээний галыг энэ жил хэн ахалж гарсан бэ?
- Манай галыг дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Дамбийн Рагчаа, улсын начин Чагнаадоржийн Ганзориг тэргүүтэй бөх ахалж гарлаа.
-Танай галаас энэ наадмаар хэдэн бөх улсын цол хүртэв?
-“Бөх Билэгт” дэвжээнээс шинээр хоёр улсын цолтой бөх төрөн гарлаа. Нэг улсын харцага цолтой бөх цолоо ахиулж улсын заан цол хүртсэн.
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг юм уу?
-Чөлөөт бөхөөр 2011 оны намраас эхлэн хичээллэсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард явагдсан чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд барилдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдсон.
-Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэдэн медаль авч байв?
-Анх өсвөр үеийн улсын аваргад барилдаад медаль хүртсэн. Түүний дараа залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг, нэг медаль зүүсэн.
-Чөлөөт бөхийн олон улсын чанартай тэмцээнд барилдаж байсан биз?
-Иран Улсад болсон клубүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
-Чөлөөт бөхийн суурийг хэн тавьж өгөв?
-Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Нарангэрэлийн Энхцогт багш чөлөөт бөхийн анхны “А” үсгийг заасан. Багш маань Монгол Улсын харцага Н.Саранцогтын төрсөн дүү нь юм.
-Үндэсний бөхөөр дунд сургуульд байх үеэсээ барилдаж эхэлсэн үү?
-Багадаа аавыгаа дагаж бөх үздэг байсан. Тэр үеэс бөхийн спортод дур сонирхолтой болж 11 настайдаа үндэсний бөхийн өсвөр үеийн барилдаанд барилдаж эхэлсэн. Харин 2011 онд чөлөөт бөхөөр хичээллэсэн.
-Улаанбаатар хотод хэзээ шилжиж ирэв. Хотод ирээд хэн багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхлэв?
-Улаанбаатар хотод 2013 онд ирээд Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж, ОУХМ, улсын начин Х.Амараа багш нарын удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. 2017 оноос ОУХМ Б.Батзориг багшийн “Мэргэд Хангай” клубийн бөхчүүдтэй Спортын төв ордонд бэлтгэл сургуулилалт хийж байгаа.
-Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин уу?
-Шигшээ багийн тамирчин биш ээ. “Алдар” спорт хорооны үндэсний бөхийн тамирчин.
-Сүүлийн үеийн үндэсний бөхчүүд хүчний дасгал их хийдэг болсон. Мөн уураг, амин дэм хэрэглээд жин ихтэй, биеийн хэлбэр галбир алдагдсан харагддаг. Харин өөрийг чинь харахад сагсан бөмбөгийн тамирчин шиг өв тэгш бие хаатай юм. Таны жин болон өндөр хэд вэ?
-Би 1995 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. Миний өндөр 195 см. Биеийн жин 130 кг. Одоо 25 настай. Энэ наадмаар улсын начин цол хүртсэн долоон бөхийн хамгийн залуугаар нь тодорсон.
-Танайх бөхийн удамтай юу?
-Манай аавын аав, өвөөгийн төрсөн ах Санж-Очир гэдэг хүн улсын наадамд хоёр удаа дөрөв давж, тавын даваанд унасан байдаг. Өвөөгийн аав нь Бадрах гэж Даншигийн начин цолтой бөх байсан юм билээ. Ээжийн нагац ах нь улсын начин Жадамбаа гэж хүн бий. 1963 онд гурван аваргыг дараалан давж улсын начин цол хүртэж байсан гэдэг.
-Үндэсний бөхчүүдийг сэргээш, хэрэглэдэг, цолны найраа хийдэг гээд шүүмжилдэг. Харин энэ жилийн үзэгчгүй наадам элдэв хэл амгүй, аятайхан наадамд болов уу?
-Ер нь “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ” гэдэг. Зарим нэг бөхчүүд жудаггүй, ёс зүйгүй янз бүрийн асуудал гаргаж байгаа. Түүнээс болоод үндэсний бөхийг тойрсон хэл ам гарсан. Залуу бөхчүүд бэлтгэл сургуулилалтаа сайн хангаж, зөв шударга, үзэгчдийг уйдаахгүй өрсөлдөөн өрнүүлэн, уран гоё барилдаан гаргаж барилдаад явбал болно. Бид үндэсний бөхийн өв уламжлал, соёлоо хайрлаж, хүндлэн дээдлэх ёстой. Тэгэж байж өв соёл болсон уламжлалт бөхийн барилдаан сэргэн хөгжих болно. Үнэн ч шударгаар барилдаж байж энэ бүхэн сэргэнэ.
-Чөлөөт бөх, самбо, жүдогоор хичээллэдэг тамирчид үндэсний бөхөөр илүү өндөр амжилт гаргаж байна. Харин аймаг, сумын бөхчүүд тэр болгон их спортын төрлөөр хичээллэх боломжгүйгээр үндэсний бөх рүү орж ирдэг. Тийм бөхчүүд амжилт гаргахын тулд хүч тамир оруулагч амин дэм хэрэглээд жин нэмээд байна уу?
-Үндэсний бөхөөр хөдөө нутагтаа барилдаж байгаад ирсэн бөхчүүд жин ихтэй, бяр, хүчтэй байх нь бий. Самбо, жүдо, чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаагүй бөхчүүдийн хурд, уян хатан чанар тааруу байдаг. Бөхийн бусад төрлийн спортоор хичээллээд үндэсний бөхөөр барилдвал илүү өндөр амжилт гаргана. Үгүй ядаж, зөв техникээр өнхөрч, уналт хийгээд сурчихсан байдаг. Тогтмол бэлтгэл хийдэг болохоор бэртэл, гэмтэл харьцангүй бага авна. Хурд, хүч тэсрэлт, барилдааны мэдрэмж хүртэл өөр. Гэхдээ үндэсний бөхөд хэн масс ихтэй, хүчтэй бяртай нь сайн барилдаад байдаг ч юм биш. Өөрийн биеийн онцлогийг хэн зөв ашиглан барилдаж чадсан бөх амжилт гаргана. Үндэсний бөхийн онцлог нь нас, биеийн өндөр, нам, жин, хүч хамаарахгүйгээр барилддагт байгаа. Жин багатай хүн, жин ихтэй бөхтэй яаж барилдах вэ гэдэг тухайн бөхийн ур чадвар, тактик, ур ухаанаас шалтгаална.
-Хэдэн онд, аль аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байв?
-2019 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авсан. Орхон аймагт 2016, 2017, 2018, 2019 онд дөрвөн жил дараалан барилдсан. 2019 онд бүх цэргийн наадамд барилдаж цэргийн харцага цол хүртэж байлаа.
-Улсын начин цол авахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн багш, дасгалжуулагч, бэлтгэл хангагч бөхчүүд, ивээн тэтгэгч байгууллага, компаниуд гэвэл?
-Улсын начин цолны амжилтыг надаар тодотгож байгаа. Миний амжилтын ард аав, ээж, ах дүү, хамаатан садан, дэвжээний багш нар бий. Аварга багш Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага Г.Батбаяр, улсын начин Ч.Ганзориг нар бий. Мөн чөлөөт бөхийн суурь бэлтгэлийг хангаж өгдөг багш, дасгалжуулагч, бэлтгэл хангагч дэвжээний хамт олны хөдөлмөр зүтгэл байгаа. Энэ цол тэр бүх хүний амжилт юм. Намайг улс, аймгийн цолгүй залуу бөх байхаас хойш дэмжиж байгаа “Вайдлик” компанийн захирал Нарангэрэл эгч, “Молор трейдинг” компани, мөн бэлтгэл хийх нөхцөл боломжийг хангаж өгдөг “Алдар” спорт хорооны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.
-Энэ оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сард болно. Дэлхийн аваргад барилдах уу?
-Миний жин нэмэгдээд чөлөөт бөхөөр барилдах боломж хаагдаад байгаа. Арав гаруй килограмм хасна гэхээр эрүүл мэндэд муугаар нөлөөлөх учраас үндэсний бөхөөрөө дагнан хичээллэх зорилготой байгаа.
-Чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд, 125 кг-аас дээш жинтэй бөх барилддаггүй юм уу?
-Чөлөөт бөхийн жинг нарийн үздэг. 125 кг-аас 100 грамм хэтэрсэн байхад тэмцээнд оруулахгүй хасдаг. Тэгж жингийн хязгаарлалт тавьж байж чөлөөт бөхийн онцлог барилдаан гарна. Хурдтай хөлд орж, уян хатан чанар шаардсан мэх техникийг гүйцэтгэлийг хийж чадна.
-Чөлөөт бөхөөр хичээллэж болохгүй юм бол самбо, жүдо, кураш болон бусад бөхийн төрлөөр хичээллэж болохгүй гэж үү?
-Зүгээр нэг бөхийн төрлөөр барилддаг биш, амжилт гаргахын төлөө зүтгэх ёстой гэж боддог. Бусад бөхийн төрлөөр хичээллээд явахад одоо надад амжилт гаргах нас, боломж бага, тухайн бөхийн суурь техник, мэх нь өөрийн гэсэн онцлогтой өөр байдаг. Чөлөөт бөхөөс хөрвөж ороход арай өөр болчхоод байгаа юм. Арай ойр дөхөм нь самбо бөх байх. Гэхдээ чөлөөтийн бэлтгэлээ орхихгүйгээр үндэсний бөхөөр хичээллээд явна. Тэгж байж л үндэсний бөхийн бэлтгэлээ чамбайруулан ,хангаж чадна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.