Энэ жил цар тахлын улмаас Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй тэмдэглэн өнгөрүүллээ. Хүчит бөх, сурын харваанаас илүүтэй жил болгоны наадмаар хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, мориноос унаж бэртэх асуудал хөндөгддөг. Тэгвэл энэ жилийн баяр наадмын үеэр хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал хэр хангагдаж ажилласан талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас тодрууллаа.
ГБХЗХГ: Хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулсан уяачид хариуцлага тооцно
ГБХЗХ-ийн Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа.
-Хүй долоон худаг дээр хүүхдийн хувцас хэрэглэл, морины хэрэгсэлд стандартын дагуу шаардлага тавьж ажилласан. Шалгалтаар уралдаанч хүүхдүүдээс урт сур, тод өнгийн давуу, гялгар уут, станц, утас гэх мэт зүйлийг хурааж авсан. Ингэснээр уралдааны үед уяачтайгаа холбогдох, уяачийн заавраар морио чиглүүлэх болон гялгар уут, өнгийн даавуугаар морь мал, ороолгох, ташуурдах, хүүхдийн нүд ам шавхуурдах зөрчил гараагүй. Аймгуудад энэ хяналт шалгалтыг хийсэн хэдий ч тохош, эмээлийнхээ доор гялгар уут, өнгийн даавуу нууж авч орох тохиолдол гарсан. Тиймээс уяачдад шаардлага зөвлөмж өгч ажилласан. Цаашдаа уяачид энэ мэтчилэн стандарт зөрчсөн, хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллана.
Хүй долоон худагт болсон Үндэсний их баяр наадмын уралдаанд 485 хүүхэд уралдсан. Харин улсын хэмжээний тоо хараахан гараагүй байна. Энэ жилийн хувьд зургаан хүүхэд мориноос унасан ч ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй. Харин хоёр унаач хүүхдийн морь явахгүй байсан тул өөрсдөө мориноосоо буусан. Улсын хэмжээнд анх удаа унаач хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэл, гэмтэл авсан тохиолдол бүртгэгдээгүй наадам болж өнгөрлөө. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 172 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсанаас 121 хүүхэд хурдан мориноос унасан. Үүний өмнөх жилүүдэд 300 гаруй хүүхэд мориноос унасан тоон үзүүлэлттэй байсан. Гэхдээ 2019 оныг 2017, 2018 онтой харьцуулахад мориноос унасан хүүхдийн тоо 2.8 дахин буурсан. Улсын хэмжээнд зөвшөөрөлгүй зохиодог хурдан морины уралдаанд хязгаарлалт тавьж, зохих арга хэмжээг авсан нь тоон үзүүлэлт буурахад нөлөөлсөн. Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхцөл өнгөрсөн жилээс илүү сайжирсан. Тухайлбал, унаач хүүхдийн даатгал нэг жилийн хугацаанд хүчинтэй үйлчлэхээс гадна бусад уралдаан сунгаа болон ахуйн үеийн осол гэмтэлд даатгал үйлчилдэг болсон. 2018 онд 49.5 сая, 2019 онд 186.5 сая төгрөгийн даатгалын нөхөн олговрыг олгосон байна.
ХЭҮК: Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол ирээгүй
Унаач хүүхэдтэй холбоотойгоор ХЭҮК-ын албаны хүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Чиг үүргийн үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Мэргэжлийн хяналтын байгууллага хурдан морины уралдааны үеэр хяналт тавьж ажилладаг. 2019 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хурдан морины унаач хүүхдийн өмсгөл стандарт шинэчлэгдсэн. Хүүхдийн эрх зөрчигдсөн албадан хөдөлмөр эрхлүүлж, уралдаан тэмцээнд оролцуулсантай холбоотойгоор ГБХЗХ-ийн харьяа хүүхдийн эрхийн улсын байцаагч шалган шийдвэрлэх зохицуулалттай байдаг. 2018 онд мориноос унах, өшиглүүлэх зэргээс үүдэлтэй бэртэл гэмтлийн эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээтэй холбоотойгоор даатгалын журмыг өөрчилсөн. Даатгалын хураамжийг 100 мянга болгосон шалтгаан нөхцөл нь эрүүл мэндийн үйлчилгээнд 18 хүртэлх насны хүүхдийг үнэгүй даатгадаг боловч осол бэртлээс шалтгаалан нэмэлт үзлэг, оношилгооны зардал олон байдаг. Зарим улсын эмнэлэгт MRI шинжилгээний тоног төхөөрөмж байхгүйгээс хувийн эмнэлгээр үйлчлүүлэх мөн аймаг, сум хооронд зорчих зардал гээд санхүүгийн олон асуудал тулгардаг.
Улсын хэмжээнд 330 сум 1600 орчим багт хурдан морины уралдаан болдог. Уралдаан болж байгаа л бол хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй. Алслагдмал сум, багийн наадмын үеэр бэртэж гэмтвэл ойрын сум хүртэл хэрхэн зорчих вэ, эцэг эхчүүд тэр бүр өөрсдийн зардлаар аваад явах боломжгүй шүү дээ. Даатгалаас тээвэрлэлтийн зардлыг нөхөн төлөх систем хэрэгтэй болохоор даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн. Нөхөн олговор 20 сая хүртэл олгодог. Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо ГБХЗХГ-тай хамтран ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгалаар нөхөн төлөгддөггүй шаардлагатай бусад зардал эм, тариа худалдаж авах зэргийг гэнэтийн ослын даатгалаар нөхөж авах боломжтой. Энэ даатгал нь зөвхөн уралдааны явцад гэлтгүй даатгал хийсэн тухайн жилийн туршид ямар ч нөхцлөөс үүдэн бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоор зохицуулагдсан. 2019 онд гэнэтийн ослын даатгалаас 121 хүүхэд 186 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдүүд хууль ёсны дагуу үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой гомдлыг ХЭҮК-т хандаж шалган шийдвэрлүүлэх боломжтой. Энэ жилийн тухайд уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол ирээгүй.
НЭМГ: Уралдааны үеэр 14 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлсэн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрээс тодруулав.
-Баяр наадмын үеийн тусламж үйлчилгээг Хүй долоон худаг, "XIII зуун" цогцолборт болон ёслолын буудлагын үйл ажиллагааны үеэр 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, дараах тусламж үйлчилгээг үзүүлсэн. “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурван цэгт 3062 хүний биеийн халууныг үзэж, гар ариутгуулсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлчилгээг долдугаар сарын 10-16-ныг хүртэл 6268 хүнд үзүүлсэн. Баяр наадмын үеэр Хүй долоон худагт болсон морины уралдааны үеэр 14 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.