Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан долдугаар сарын 10-ны өдөр товлогдоод байсан боловч бороо ус ихтэй байсан тул өнөөдрийн 13-ны өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Өнөөдөр тус насанд уралдахаар 280 гаруй хязаалан морь бүртгүүлсний 170 гаруй нь шандсаа сорин зурхайгаас гарлаа. Уралдааны түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ иржээ. Уг хар үрээ нь өнгөрсөн жил шүдлэн насандаа улсын наадамд түрүүлж байжээ. Төв аймгийн Алтанбулаг сумын аймгийн алдарт уяач Б.Батхүү хар үрээний уяа сойлгыг тааруулжээ.
Харин аман хүзүүд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн үрээ, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Занганы Пүрэв-Очирын хүрэн үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотон сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ хурдлан барианд оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.