“Будапешт 2018” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой алт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн, Сассаригийн Олон Улсын тэмцээний аварга, “Mongolia Open” Олон Улсын тэмцээний гурав, Монгол Улсын долоон удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.
10 дахь ДАШТ-дээ зодоглосон тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдав. О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Тамирчин бүсгүй 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүв. Ирэх жил Казахстан улсын Астанад болох тэмцээнд спорт сонирхогчид түүнийг дэлхийн аварга болоосой хэмээн бодож байгаа нь лавтай.
О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Тамирчин бүсгүй 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүв
Тамирчны амжилт дасгалжуулагчтай салшгүй холбоотой. Түүнийг анх тамирчин болох гээд ирэхэд нь угтаж аваад чөлөөт бөхийн А үсэг зааж амжилтын учгаас атгуулсан багш нь Монгол Улсын гавьяат тамирчин Т.Сүхбаатар. Монголчууд тэр тусмаа эмэгтэйчүүд чөлөөт бөхөд амжилт гаргах боломжтойг шавь нарынхаа амжилтаар баталж, өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа. Дэвжээнд алдаа гаргахад зэмлэж, амжилт гаргахад нь урам хайрлаж ирсэн багшийнхаа алтан зөвлөгөөг шавь нар сонсох дуртай. Шавь нараас нь гавьяат тамирчин гурав төрж, зөвхөн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс есөн медаль хүрсэн нь түүнийг ямар дасгалжуулагч болохыг бэлхнээ харуулдаг.
Дасгалжуулагч Т.Сүхбаатарын амжилтад хүрсэн шавь нар
Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа. ДАШТ-ээс дөрвөн медаль (нэг мөнгө (2018), гурван хүрэл (2008, 2011, 2013)
Монгол Улсын гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас ДАШТ-ээс медаль (2005), Азийн хошой аварга (2004, 2007)
Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа. Монголын чөлөөт, жүдо бөхийн түүхэнд ДАШТ-ий гурван медальтай (нэг мөнгө (2009), хоёр хүрэл (2013, 2014) тавхан хүчтний (бусад нь Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, Д.Сумъяа)
Мөн тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин.Түүнийг спорт сонирхогчид “Мөнгөн Бурмаа” хэмээн өргөмжилдөг.
ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн дэд аварга болсон хоёр дахь тамирчин. ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальтай.