Эртний Хятадын Мин гүрний үеийн нэвтэрхий толь бичгийн хоёр боть судар дуудлага худалдаагаар анх таамаглаж байсан үнээс мянган дахин их буюу есөн сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Ёнг Лэ Дадиан нэртэй нэвтэрхий судрыг Мин гүрний гурав дахь эзэн хаан Ёнг Лэ анхлан бичүүлж эхэлсэн гэх түүх бий. Тэрээр 1402-1424 оны хооронд хаан ширээнд сууж байжээ.
Эзэн хаан 1404-1408 оны хооронд 2,000 гаруй эрдэмтнийг цуглуулж нэвтэрхий толь бичгийн ботиудыг бичүүлсэн байна. Ёнг Лэ Дадианыг дэлхий дээрх хамгийн том нэвтэрхий толь бичиг гэж үздэг ба хамгийн анх 22,877 бүлэгтэй байсан хэмээн эрдэмтэд таамагладаг.
1562 онд Мин гүрний 11 дахь эзэн хаан Жиа Жин толь бичгийг хоёр удаа хуулбарлахыг тушаасан бөгөөд эх судар нь олон жилийн дайн тулаан, хулгай дээрэм, түймрийн улмаас устаж үгүй болсон хэмээн дуудлага худалдааны ордон тайлбарлажээ.
Парис дахь Боссан Лефев дуудлага худалдааны ордонд энэ долоо хоногт зарагдсан хоёр боть нь хуулбар бөгөөд орчин цагт өвлөгдөн ирсэн 400 ботийн нэг хэсэг нь ажээ. Судрыг улаан ба хар өнгийн бэхийг ашиглан буулгажээ. Хоёр ботийн нэгт оршуулах ёслолын талаар бичсэн бол нөгөө нь Хятадын нууруудыг тайлбарлан буулгасан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.