Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Аварга голын хойд хөвөөнд орших 60 га талбайг эзлэн орших Аваргын балгас гэх газрыг Чингис хааны хамгийн том орд Ауруг мөн хэмээн 1950-аад оны үед эрдэмтэн Х.Пэрлээ тодорхойлсон байдаг ажээ. Үүнээс хойш дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаачид уг балгасыг нарийвчлан судалгаа шинжилгээний ажил явуулах болсон юм.
Австралийн Үндэсний их сургууль, Монголын Археологийн хүрээлэнгийн хамтран хийсэн шинэ судалгаагаар Чингис хаан энэ газарт өвөл, хаврын улирлыг өнгөрөөдөг байсан гэж үзжээ. 1162-1227 оны хооронд амьдарч, дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан дөрвөн том орд газартай байсан гэж эрдэмтэн судлаачид, түүхчид таамагладаг.
Аваргад хийсэн судалгаагаар энэ газрын дээжийг радио карбоны аргаар шинжилж 13 дугаар зууны үед Чингис хаан амьдарч байсан гэсэн саналыг Австрали, Монголын хамтарсан судлаачид дэмжсэн байна. Австралийн Үндэсний их сургуулийн судлаач доктор Ли Нарангуагийн хэлснээр Чингис хаан Аваргад хавар, өвлийн улиралд суурьшихдаа өмнө зүгийн дайснуудынхаа эсрэг тулааны арга барил боловсруулж байсан ажээ.
Судалгааг удирдан зохион байгуулсан Австралийн Үндэсний их сургуулийн археологич доктор Жэк Феннер “бид энэ судалгаагаараа Аваргын балгас нь Чингис хааны орд байсан гэх таамагтай санал нэг байгаагаа харуулсан бөгөөд шашны болон ёслолын баримт нотолгоог илрүүлсэн гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ. Энэ газраас Чингис хаан өмнө зүг рүү газар нутгаа тэлж, түүнийг таалал төгссөний дараа хүү Өгэдэй хаан үргэлжлүүлэн нутаг дэвсгэрээ тэлсэн гэж эрдэмтэд таамагласан байна.
Аваргаас судлаачид 20 орчим дээжийг радио карбоны аргаар судлахад 13 дугаар зууны үед хамаарагдаж байжээ. Гэвч Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд энэ газрын ойролцоогоос монголчуудын хүнсэнд хэрэглэж байсан шар будаа байсан байж болзошгүй ул мөрийг олсон нь судлаачдын байр суурийг няцаажээ.
Учир нь доктор Феннер эртний хүмүүсийн идэж ууж байсан хүнсний хэрэглээ хэн байсныг нь тодорхойлох боломжтой гэж үздэг байна. Монголчуудын өндөр дээд гаралтай эрхэм дээдсүүдийн олон зуун жилийн тэртээ барьдаг байсан хүндэтгэлийн зоог нь ихэвчлэн мах, ан амьтны гаралтай бүтээгдэхүүн байсан бөгөөд шар будаа зэрэг олон төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг төдийлөн хэрэглэдэггүй байсан гэж үзжээ.
Дээрх баримтыг доктор Жэк Феннерийн “Аварга хэмээх газарт Монголын эзэнт гүрний үеэс улбаатай мал аж ахуйн олдворт хийсэн радио карбон болон изотопын судалгаа” ажилд дурдсан байна.
Эх сурвалж: Sci News, Монголын Түүхийн тайлбар толь
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.