Хэрэв та Мексикийн нийслэл Мехико, Америкийн нийслэл Вашингтон хотуудын хооронд нисэхээр төлөвлөсөн бол хажуугийн суудалд тань Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор сууж магадгүй ажээ. Учир нь тэрбээр мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтоныг зорихдоо хувийн онгоцоороо бус жирийн иргэдийн адил арилжааны нислэгийг сонгосон байна.
Үнэн хэрэгтээ Мексикийн төрийн тэргүүн анх удаа олон нийтийн зорчигч тээвэр, тэр дундаа бизнесс ангиллын онгоцоор зорчиж буй явдал биш юм. Тэр Мексикт дотоодын нислэгийн компаниудаар үйлчлүүлэхдээ үнэтэй, тансаг хувийн онгоцуудыг ашиглах нь цөөн ажээ. Ихэвчлэн ард иргэдтэйгээ хамт зорчиж, түүнийг таньсан зорчигчид цочирдон, зарим нь хамт зургаа авахуулахыг хүсдэг байна.
Гэхдээ энэ удаад илүү онцгой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр 2018 оноос хойш анх удаа хилийн чанадад айлчлах гэж байгаа юм. Энэ нь Мексикийн Ерөнхийлөгч жирийн зорчигчдын адил АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хэсэг, хил гаалийн хяналтын шат дараалалтай олон дамжлагыг туулна гэсэн үг.
Лопез Обрадор Мексикийн Засгийн газрын 2012 онд Ерөнхийлөгчийн хэрэглээнд зориулан 218 сая ам.доллараар худалдаж авсан Боинг 787-8 нисэх онгоцыг бараг ашигладаггүй нэгэн ажээ. Тэр ч бүү хэл уг онгоцоо Ерөнхийлөгч өнгөрсөн жил хоёр дахин хямдруулж 130 сая ам.доллараар зарахыг оролдсон боловч худалдан авагч олдоогүй байна. Онгоц Лос Анжелесийн нисэх онгоцны зогсоолд одоог хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд зогсоолын түрээс нь төлөгдсөөр байгаа юм.
Харин арилжааны нисэх онгоцоор үйлчлүүлснээр Обрадор ирэх буцах хоёр талдаа 1,100 ам.долларын зардал төлөх юм байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.