АНУ-ын тусгаар тогтнолын баяр өчигдөр буюу долдугаар сарын 4-ний бямба гарагт тохиосон билээ. Энэ өдрөөр улсын тэргүүн ард иргэддээ хандан үг хэлж баяр хүргэдэг уламжлалтай.
Ерөнхийлөгч Дональд Трамп баярын өдрийг тохиолдуулан хийсэн мэдэгдэлдээ Ковид-19 цар тахалтай тэмцэж буй арга барилыг сайшаан магтаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж рацистуудын хөшөөг буулгасан жагсагчдыг зэмлэв.
Нэгдсэн улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бараг гурван саяд хүрч, 130,000 гаруй иргэн нас бараад байна. Гэвч Ерөнхийлөгч энэ бүхэнд Ковид-19 вирус хамгийн анх илэрсэн БНХАУ-ын Засгийн газар бүрэн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг дахин илэрхийлжээ.
Трамп тэргүүн хатагтай Меланиагийн хамт Цагаан ордноос цэрэг арми, эрүүл мэндийн салбарын албан хаагчдад мэндчилсэн байна. Тэрээр улсынхаа шинжлэх ухааны салбарыг сайшаан магтаж, 2020 он дуусахаас өмнө коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилга, эм эмчилгээг гаргаж авна хэмээн хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрдэмтэд коронавирустай тэмцэх оновчтой эм эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга хэзээ ч гаргаж авч чадахгүй байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлээд байгаа юм. Америк халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 43,000 гаруй шинэ тохиолдол илэрчээ.
Тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан В-52 бөмбөгдөгч, F-35 байлдааны онгоцууд Вашингтоны тэнгэрт нисч, салют буудуулсан байна. Харин олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бусад арга хэмжээнүүдийг цуцалж, Флорида, Калифорнийн далай эргүүдийг хааж, баярын жагсаалуудыг зогсоожээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.