Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраар ахлуулсан торгон цэргүүд зургадугаар сарын 8-нд бэлтгэлдээ гарчээ.
Төрийн хонжингоор хурандаа Ж.Мөнхбаяр хоёр дахь жилдээ, их цагаан тугчаар дэслэгч А.Ууганбаяр анх удаагаа үүрэг гүйцэтгэж байна. Энд тугчид, туг шилжүүлэгч, хөл тугчид, хүн, малын их эмч, гал тогооныхон зэрэг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Биднийг очих үеэр цэргүүд үдээс хойших морьтой бэлтгэлээ базааж байсан юм. Шажин хурахын амны ногоон ширгийг тэд халцартал, мөр гарган алхжээ.Төрийн хонжин Ж.Мөнхбаяр загал мориндоо мордож, цэргүүдээ эгнүүлж зогсоогоод “Анхаар мориноос", Морь шилжүүл” гэсэн команд өгөв.
Үүний дагуу тугч шилжүүлэгчид зүүн тийш эргэж, тугчдаас тугаа шилжүүлэн аваад, тэднийг моринд мордуулав. Үүний дараа цэргүүдийн алхаа нэгэн хэмнэлээр газар доргиулж, цагаан тоос манаргасаар бараан морьдын зүг алхлаа. Цэргүүдийн нэгэн зэрэг дуугарах авиа, сүр хүчийг үзүүлсэн алхалтаас харахад морьд бэлтгэлдээ дассан нь илт байв. Бусгаж, үргэх нь бүү хэл ялаархсан ч үгүй, эзнийхээ хөдөлгөөнийг мэдэрч зогсоно. Цэргүүд дараагийн командаа авч, бүгд мориндоо мордсоны дараа төрийн хонжин их тугч, хөл тугч, салаа цэргээ дагуулсаар бэлтгэл хийж буй талбайгаа бүтэн тойров. Ингэхдээ төрийн хонжин, их цагаан тугчаас бусад нь гурав, гурваараа эгнээ болон шилээ харж явах үүргээ гүйцэтгэв.
Тэднийг ийнхүү алхаж байхад сул байсан зарим морьд хэзээний эгнээнд нэгдэж, талбайг тойрч харагдлаа. Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг аваад Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулаад буцаан Төрийн ордонд тугаа залах гэсэн энэ маршрутын турш хийх бүх хөдөлгөөнийг өдөрт арав гаруй удаа давтдаг гэнэ. Цэргүүд халуун нар, усан бороог ч үл ажран бэлтгэлээ хийж, хөдөлгөөн бүрээ жигдэлжээ.Төрийн хонжин цэргүүдтэйгээ хамт талбайгаа тойрсныхоо дараа туг залахад үүрэгдсэн командаа хэлж, есөн хөлт цагаан тугаа төв талбайд залав. Хамгийн түрүүнд их цагаан тугч тугаа байрлуулж, дараа нь хөл тугчид туганд хүндэтгэл үзүүлээд, барьж буй хөл тугнуудаа заллаа.
Торгон цэргүүд үүнийхээ дараа гүйлт, биеийн хүч, сунгалтын дасгал хийв. 32 килограмм жинтэй тугийг хөдөлгөөнгүйгээр Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залахад дунджаар 40 минут болдог гэнэ.
Төрийн хонжин, хурандаа Ж.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Коронавирусийн халдвартай холбоотойгоор энэ жил үндэсний их баяр наадмаа хөдөө талд хийхээр боллоо. Тэгэхээр тугчид есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос аваад 130 километр хэртэй газар явах юм уу. Торгон цэргүүдийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Дархан цаазат Богдхан уулын Шажин хурахын аманд бэлтгэлдээ гараад байна. Бэлтгэл сайхан хангагдаж, дуусах шатандаа орчихсон байгаа. Энэ жил “Ковид”-19 халдварын улмаас анх удаа төрийн наадмаа хөдөө буюу Төв аймгийн Эрдэнэ суманд хийх төлөвлөгөө гарсан. Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос хэрхэн авах, наадам болох газар руу яаж явах зарлиг одоогоор гараагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч, цэргийн ерөнхий командлагчийн зарлигаар төрийн есөн хөлт цагаан тугийг үндэсний их баяр наадамд залсны дараа баяр наадам эхэлнэ гэж заасан байдаг. Бид үүний дагуу долдугаар сарын 10-нд төрийн далбааны өдөр есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, 11-ны морин цагт есөн хөлт цагаан тугаа үндэсний их баяр наадмын төв талбайд зална. 12-ны орой Төрийн ордонд буцаан залж, байрлуулна. Тугчдын болон төрийн хонжин, тугчдыг хамгаалж явдаг морин салааны цэргүүд журмын дагуу бэлтгэлээ хангасан.
-Өдөрт та бүхэн морьтойгоо хэдэн цаг бэлтгэл хийж байна вэ?
-Үдээс өмнө дөрөв, үдээс хойш мөн дөрвөн цагийн бэлтгэл хийж байна. Морио номхон зогсоож сургахаас эхлээд давтдаг. Монгол хүн бүрийн генд морьтой харьцах авьяас байдаг болохоор бүх хүний хөдөлмөрийн үр дүнд морьдоо бүгдийг нь зүгшрүүлж, бэлтгэлээ хангасан. Төрийн хонжин нэг загалыг унана. Харин их цагаан тугчин нөгөө загалыг нь унана. 22 бараан морь, нийтдээ 32 морь туг залах ёслолд оролцоно.
-Төрийн торгон хүлгүүдийг хэн хариулж, хамгаалдаг юм бэ?
-Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангид морьд жилийн бүх улиралд байдаг. Бид зөвхөн үндэсний их баяр наадам болон Монгол бахархлын өдрөөр авчирдаг. Тус анги нь өвөлдөө өвс, тэжээлээ өгч тэжээдэг. Мэдээж төрийн торгон хүлгүүдийг хариуцаж, маллахад асар их хүч хөдөлмөр ордог нь тодорхой. Хүнээс дутуугүй бөөцийлж, аминдэм, витамин, эрдэс бодисоор хангадаг. Бид энд авчраад, хамгийн түрүүнд малын эмчийн хяналтад витаминжуулж, дусал залгадаг. Түүний дараа наадам дөхүүлээд буюу төрийн далбааны өмнөх өдөр морьдоо усанд оруулдаг.
Зориулалтын шампунь, саван хэрэглэж, угаахаар цагаан, шарга адууны яг өөрийнх нь өнгө гарч ирдэг. Нар буцсанаас хойш бороо орж, байгаль дэлхий өнгө засаж, зуншлага сайхан боллоо. Морьд ирэхдээ харьцангуй сайхан тарга тэвээрэг авсан байсан.Хамгийн дээд тал нь 10 гаруй жил төрийн наадамд туг цэнгүүлсэн шаргууд бий. Янз бүрийн гэмт халдлага, чоно, нохой халдахаас урьдчилан сэргийлж манай адуучин цэргүүд шөнө жижүүрлэж, манаж хонодог. Төрийн торгон хүлгүүдийг алдахгүйн тулд тусад нь адуучин цэрэг гэж гардаг.
-Найман шаргын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу. Мөн тугчдад?
-Энэ жил хоёр цагаан, таван бараан морь шинээр авчирсан. Гэхдээ морьдоо зүгшрүүлж, сургаж байгаа. Харин тугчдын хувьд өөрчлөлт бараг ороогүй гэж болно. Торгон цэргүүдийн хувьд жил болгон солигддог. Хугацаат албанд ирсэн цэргүүд хавар, намартаа халагдаад явчихдаг болохоор жилд хоёр удаа торгон цэрэг бэлдэх хэрэг гардаг. Тухайлбал, наадмаар тугч хийсэн цэрэг Монгол бахархлын өдөр гэхэд халагдчихсан байдаг болохоор тэр үед дахин торгон цэрэг бэлдэнэ.
-Өмнөх жил нь сургачихсан морьд ирээд дасах гэж бас удах уу?
-Адгуусыг бэлдэж, нэг эгнээнд зогсуулж, шил шилээ харж явдаг болгоно гэдэг амаргүй. Унаж зүгшрүүлэхээс эхлээд асуудал бий. Хамгийн гол нь номхон зогсоож сургана гэдэг хэцүү. Хүн болгоны хүч хөдөлмөр ордог.
-Наадмын нээлт, хаалтын үеэр бөмбөр нижгэнэж, алга ташиж, дуу чимээ ихтэй байдаг. Энэ бүгдэд хэрхэн дасгадаг вэ?
-Наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний камерын элдэв янзын утас, кабелд хүртэл дасгах гэж зохиомлоор утас кабел бэлдээд дээгүүр нь алхуулж байна. Мөн ил гарсан утас дээгүүр даавуу дэлгэж, зөөлхөн болгоод морьдоо оруулдаг. Тэгэхээр морьд дасчихдаг юм. Төрийн ордноос гараад наадмын нээлтийн төв талбай руу явах хүртэл есөн шаргын хажуугаар олон машин зөрдөг. Энэ бүгдэд сайн дасгах хэрэгтэй.
Үргэхгүй байх талаас нь анхаарч, техникт дасгах хүртэл арга хэмжээ авдаг. Есөн хөлт цагаан туг залаад явж байхад морь үргэж, бусгахад тугаа хэрхэн хазайлгахгүй байх, хүндийн хүчийг хэрхэн зөв хуваарилах гээд ажил их. 32-35 килограмм жинтэй тугийг тэгшхэн авч явна гэдэг торгон цэргээс их авьяас, хүч шаарддаг. Гэхдээ зарим морь туг цэнгүүлэх гэж байгаагаа өөрсдөө мэдэрдэг болчихдог. Наанадаж л уяагүй байхад л уяан дээрээ ирээд зогсоно. Яг өөрийнхөө зогсдог байрандаа орж ирээд дагаад явна. Баяр наадмын үеэр туг цэнгүүлэх хөгжмийн ая явахаар морьдын чих, хамар сортолзож, цаанаасаа мэдэрч, гэгэлздэг. Ёстой л нэг хийморь нь сэргэдэг дээ.
Наадмын өдөр цэргүүд морьдоо төв талбайд бие засуулахгүйн тулд хоолыг нь хасаж, сайн хөдөлгөдөг гэнэ. Ингэсэн морьд тухайн өдөр гэдсээ татаж, биеэ хураадаг байна.
Зэвсэгт хүний 032 дугаар ангийн дэслэгч А.Ууганбаяр 2018 онд сургуулиа төгсжээ. Тэрбээр анх удаа их тугч хийж байгаа аж. Энэ талаараа тэрбээр “Хоёр загал, найман шарга, салаа морьд бүгд өөр өөрийн гэсэн зан авиртай. Тухайлбал, миний унаж байгаа загал үргэж, бултах нь гайгүй ч дураараа. Хаашаа ч хамаагүй явах гээд байдаг. Гэхдээ олон жил төрийн их баяр наадамд оролцож байгаа болохоор туршлагатай. Амархан зүгширч, бэлтгэлээ сайн хангасан. Бид өдрийн найман цагийн бэлтгэл хийдэг. Төрийн их баяр наадамд их тугийг барьж байгаа зургаа дахь хүн нь би болж байгаа.
Би өнгөрсөн жил Монгол бахархлын өдрөөр Их тугчийн туг шилжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Өмнөх их тугчаасаа олон зүйл сурч, туршлага судалсан болохоор харьцангуй дажгүй байгаа. их цагаан тугчийг сонгохдоо үндэс угсаа, биеийн бялдар, царайны төрх гээд бүх зүйлийг харж сонгодог. Энэ ховор аз завшаан надад тохиосонд баяртай байгаа. Мөн хийморьтой хэрнээ хариуцлагатай алба. Их тугчийн үүргийг ойролцоогоор 5-6 жил гүйцэтгэнэ. Үүрэг гүйцэтгэж байхдаа мөн дараагийн тугчаа бэлдэх ёстой байдаг" гэлээ.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Б.Мөнхбаяр найман сарын өмнө Дархан-Уул аймгийн Дархан сумаас цэргийн албанд татагдан иржээ. Тэрбээр төрийн их баяр наадамд анх удаа туг шилжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Туг шилжүүлэгчийг сонгохдоо бие бялдар, царайны зөв төрх болон алхуулж сонгодог гэнэ. Мөн тус анги нь хүндэт харуулын анги учраас энэ шаардлагад тэнцэх олон аавын хүүгээс онцгойрч чадсан нь сонгогдох аж. Байлдагч Б.Мөнхбаяр “Наадмын бэлтгэлд гараад 20 гаруй хонож байна. Найман шарга, хоёр загал морьтой ёслолд бэлтгэж туг шилжүүлэх үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна.
Тугчид Төрийн ордноос тугаа аваад гарч ирээд тугтайгаа цуг мориндоо мордох боломжгүй учраас туг шилжүүлэгч үүрэг гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, туг шилжүүлэгч тугчдыг мориноос буух, мордоход нь туг барьж зогсох үүрэгтэй. Энэ үүргийг амжилттай гүйцэтгэхийн тулд бусад морь баригчаас илүү биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Хэдийгээр хэсэгхэн хугацаанд туг барьж шилжүүлэх ч тугийг хазайлгахгүйгээр тэгшхэн барих ёстой. Цэргийн албанд ирээгүй байхдаа туг залах ёслолыг зурагтаар л харж байлаа. Харин одоо энэ ёслолд өөрийн биеэр оролцож, үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Биднийг цэргийн албанд ирснээс хойш алхах, гишгэхээс эхлээд зааж сургасан олон зүйл байгаа болохоор туг шилжүүлэгчийн үүрэг гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээл байхгүй. Мөн би хөдөө малын захад өссөн болохоор морьтой харьцахад амар байгаа” хэмээлээ.
Монгол төрийн наадамд есөн хөлт цагаан тугийг залах цэргүүд, морьдын бэлтгэл жигдэрч, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү наадам болохоос 4-5 хоногийн өмнө ирдэг байна. Ингэж тэд морьдоо талбайд дасгаж, ижилсүүлдэг гэнэ. Харин энэ жилийн тухайд хотын төв рүү орохгүй тэндээ наадам болтол байж магадгүй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ene jil haashin zalah ve.13-r zuunch holdoo