СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-06-30

Найм дахь удаагийн парламентыг хэн удирдах вэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Найм дахь удаагийн парламентын сонгууль болж, өчигдөр шинээр сонгогдсон гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа.   Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар хуралдааныг зарлах товтой байна.  Анхдугаар хуралдаанд шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр бүрэн эрхээ албан ёсоор хэрэгжүүлж эхэлнэ.  Мөн өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжсэн Үндсэн хуулийн өөрчлөлтүүд найм дахь удаагийн парламентын үед биелэлээ олж буйгаараа онцлог юм.

Өөрчлөн баталсан тангаргийн үг уншина

УИХ-ын тухай хуулийн дагуу шинээр сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь анхдугаар чуулганыг товлон явуулдаг байв. Гэвч 2012 оны сонгуулийн дараа МАН анхдугаар чуулгантай зэрэгцүүлэн Бага хурлаа хуралдуулж, мөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бойкот хийснээс болж анхдугаар чуулганы хуралдаан гацаж байв. Иймээс хуульд өөрчлөлт орж Ерөнхийлөгч  анхдугаар чуулганыг товлон зарладаг болсон.  Харин хамгийн ахмад гишүүн нь УИХ-ын гишүүний тангаргийн үгийг уншиж байхаар хуульчилсан. Тиймээс анхдугаар чуулганаар Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүн тангаргийн үгийг унших юм байна. УИХ-ын гишүүний тангаргийн үгийг өнгөрсөн хаврын чуулганаар өөрчлөн баталсан юм.  Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж өөрчилжээ.

Дараагийн спикер хэн бэ?

Шинэ парламентын спикер хэн байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.   Мөн Дундговь аймгаас сонгогдсон Сү.Батболд ч УИХ-ын дарга байж болох хувилбар. УИХ-ын дарга хүн юуны түрүүнд парламентын туршлагатай, ахмад гишүүн байх ёстой. Тэгэхээр  Л.Оюун-Эрдэнэ энэ суудалд төдийлөн тохирохгүй болов уу.  Харин гол өрсөлдөөн  Г.Занданшатар,  Сү.Батболд хоёрын дунд явагдах төлөвтэй байна. 

Засгийн газраа шинэ хуулийн дагуу байгуулна

Шинэ парламентын дараагийн чухал ажил нь Засгийн газраа  эмхлэн байгуулах юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай. Тэгвэл Ерөнхий сайдаар МАН-ын дарга У.Хүрэлсүх улиран сонгогдохоо мэдэгдсэн байдаг. Тэгэхээр тэрээр  шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу танхимын сайд нараа өөрөө томилно бас чөлөөлнө.  

Энэ талаар УИХ-д өргөн мэдүүлсний дараа сайдад нэр дэвшигч бүрээр нь хэлэлцэж, томилно гэж заажээ.  Мөн хуулийн өөрчлөлтөд УИХ-д олон суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д танилцуулах зохицуулалттай. Мөн Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэж заасан билээ.

Өөрөөр хэлбэл, Парламентаас дөрвөн хүн л давхар дээлтэй байж болно.  Бусдыг нь гаднаас томилох учраас МАН дотор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах асуудал ид яригдаж байна.

32 шинэ гишүүн номын дуу сонсов

Тухайлбал,  Хан-Уул  дүүргээс сонгогдсон Т.Доржханд пүүзтэй ирж, Төрийн ордны хамгаалалтын албаныхан түүнийг ордонд нэвтрүүлэхгүй гэсэн асуудал яригдав.  Мөн  Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн Г.Дамдинням хэвлэлийнхэнд  “Хамгийн түрүүнд Дарханы замыг ашиглалтад оруулна” гэх яриа өгсөн байдаг.  Түүнийг сайдаар биш УИХ-ын гишүүнээр сонгогдсоноо сайн ойлгоогүй явна гэх шүүмжлэл  гарч байв.  Түүний дараа шинээр сонгогдсон 32 гишүүнд  УИХ-ын Тамгын газраас сургалт явуулав.

“Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн зохицуулалт” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “УИХ-ын гишүүний ёс зүй” сэдвээр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, “УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, “УИХ-ын гишүүний төсөв, хангамж, үйлчилгээ” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Баттогтох нар тус тус хичээл заажээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.