БНХАУ-ын Бээжин дэх удирдлагууд Хонконгтой холбоотой асуудал дээр “ёс бус үйлдэл” гаргасан АНУ-ын иргэдэд визний хязгаарлалт тавихаа өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү шийдвэрээс өмнө АНУ-ын талаас Хонконгийн эрх чөлөөнд халдсан гэж үзсэн хэд хэдэн хятад албан тушаалтанд адил хориг тавиад байсан юм.
Шинэ визний хязгаарлалттай холбоотой асуултад хариулах хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь тус улсын зүгээс тавьж буй хязгаарлалт АНУ-ын ямар иргэдэд хамааралтай болохыг онцгойлон тэмдэглэсэнгүй. Тэрээр сэтгүүлчдэд “АНУ БНХАУ-аас Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гаргаж буй хууль тогтоомжид саад хийн, хориг арга хэмжээ авч байгаа хэдий ч тэд хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хариуд нь Хятад Хонконгтой холбоотой асуудалд жигшмээр хандлага гаргаж байгаа АНУ-ын иргэдэд визний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргалаа” гэв.
Тэгвэл АНУ-ын Сенат өнгөрсөн долоо хоногт Хонконгийн бие даасан байдлыг хязгаарлах үйл ажиллагааг дэмжсэн хүмүүс эсвэл компаниудад зайлшгүй хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталжээ. Үүний хүрээнд ийм төрлийн хүмүүс, аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан банкуудад хоёрдугаар зэргийн хориг арга хэмжээ авах аж.
Жао Лижянь энэхүү шинэ хуулийн төслийн талаар БНХАУ АНУ-д гомдол гаргаад байгаа бөгөөд тус улсын Хонконгтой холбоотой үйл ажиллагааны хариуд Бээжин хатуу хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.