Энэтхэгийн Засгийн газар “TikTok” болон тус улсад аюул учруулж байгаа гэж үзсэн БНХАУ-аас гаралтай хэдэн арван аппликейшнийг хоригложээ. Энэ талаарх албан ёсны мэдэгдэлд “тус аппликейшнүүд Энэтхэг улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, улсын батлан хамгаалах тогтолцоо, төрийн болон нийгмийн дэг журамд аюул учруулж байна” гэсэн байв.
Нийтдээ 59 аппликейшнийг хориглосон бөгөөд үүнд “Weibo” олон нийтийн сүлжээ, “Clash of Kings” гар утасны тоглоом, “Alibaba”-ийн “UC Browser”, цахим худалдааны “Club Factory”, “Shein” болон өргөн хэрэглээтэй “WeChat” харилцаа холбооны платформ зэрэг багтжээ. Энэхүү алхам хил дагуу хурцадмал байдлаас үүсээд буй хоёр гүрний хоорондох маргаантай холбоотой байж болох юм. Энэ сард Энэтхэг, Хятад зөрчилдөөн гарсан Ладах муж руу цэргийн нэмэлт хүчин илгээгээд байгаа юм.
Энэтхэгийн Мэдээлэл Технологийн Яам хэд хэдэн хятад аппликейшн хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлан, нууцаар дамжуулж байгаа талаар олон тооны эх сурвалжаас их хэмжээний гомдол хүлээн авсан учир эдгээр 59 платформыг хориглосон хэмээн мэдэгджээ.
Энэтхэг бол “TikTok”-ын хамгийн том гадаадын зах зээл бөгөөд ойролцоогоор 120 сая энэтхэг хэрэглэгчтэй. Гэвч уг аппликейшний нэр хүнд өсөхийн хэрээр БНХАУ-ын Засгийн газартай холбоотой, хэрэглэгчдийн мэдээллийг Хятад руу илгээдэг зэрэг цуурхал тархах болсон юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.