СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ, АНУ-ын компаниуд хамтран 2023 онд жуулчдыг задгай сансарт аялуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын сансар, пуужингийн “Энергия” корпораци болон АНУ-ын “Space Adventures Inc” компани нар хамтран 2023 онд Олон улсын сансрын станцад хоёр жуулчин илгээхээр төлөвлөж  байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь сансрын нисгэгчтэй хамт задгай сансарт гаран алхах гэнэ.

2023 оны сансрын богино аялалд нэр дэвшигчид “Союз” сансрын хөлөгт суун, Олон улсын сансрын станцад хүрэхээсээ өмнө тусгай сургалтад хамрагдах ёстой. Сонгогдсон хоёр зорчигчийн нэг нь симуляцийн нэмэлт сургалтад суух бөгөөд туршлагатай орос сансрын нисгэгчийн тусламжтайгаар, задгай сансрын аялалд гарсан анхны энгийн иргэн болох юм.

“Энергия” корпораци болон “Роскосмос” сансрын агентлаг өмнө нь “Space Adventures” компанитай хамтран ажиллаж, 2001-2009 оны хооронд жуулчдыг Олон улсын сансрын станц руу хүргэх найман удаагийн аяллыг зохион байгуулж байсан хэдий ч удахгүй болох задгай сансрын аялал нь адал явдлын мэдрэмжийг нэмэгдүүлэн, илүү онцлог байх ажээ.

“Space Adventures”-ийн дарга, гүйцэтгэх захирал Эрик Андерсон энэ талаар “Энгийн иргэн задгай сансарт алхсанаар хувийн сансрын нислэгийн салбар урагш ахих нэгэн том алхам болно. Орос түншүүдтэйгээ хамтарсан тойрог замын сансрын аялал жуулчлалын хорин жилийн ойгоо өөр нэгэн анхны амжилтаар тэмдэглэх боломж олдсонд бид баярлаж байна. Сансарт гайхалтай шинэ адал явдлуудыг бий болгохын төлөө хамтран ажилласан “Энергия” дахь хамт олондоо талархал илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: New Atlas

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.