Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байж Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл хүргэж байна.
Монголын үндэсний их баяр наадам ойртсон энэ үед морь унадаг хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал уяачид, наадмын комисс, хурдны морь унадаг хүүхдийн эцэг эх болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна. Энэ жилийн хувьд морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлажээ.
Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын зургаан насны морьдын уралдааны үеэр нийтдээ 30 хүүхэд мориноосоо унажээ. Энэ жил үзэгчгүй наадам болох ч хурдан морьдын уралдааны үеэр хүүхэд унаж, бэртэх эрсдэл хэвээр байгаа ажээ.
Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг улс орон даяар зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд сумын Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар долдугаар сарын 9-нд хурдан морины уралдааны бүртгэлийн талбай дээр тус тус бүртгэнэ.
Хүүхдийн бүртгэлийг хийлгэхдээ:
-Хүүхдийн төрсний гэрчилгээ
-Хүүхдийн эрүүл гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
-Эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, эсвэл уяач эцэг, эх, хүүхдийн хооронд байгуулсан гэрээ байх ёстой аж.
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан гэрээг авч ирнэ. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг даатгалд заавал хамруулах ёстой. Суурь хураамж 100.000 төгрөг бөгөөд нөхөн олговор 20 хүртэлх сая төгрөг олгоно. Үүнд, аймаг, сум хоорондын тээвэрлэлтийн зардал багтжээ.
Одоогоор зөвшөөрөл авсан 11 даатгалын компани байгаагаас дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан дөрвөн компани байна.
2019 онд уралдааны үед мориноос унаж бэртсэн 121 хүүхэд 186.6 сая төгрөгийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговор авч байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.