2019 оны байдлаар олон улсын аялал жуулчлалын орлого 1,7 их наяд ам.доллар хүрч (UNWTO 2020), дэлхий даяар 1,4 тэрбум хүн аяласан байдаг. Энэ нь 2018 оноос аялагчдын тоо 5%, орлогын хэмжээ 4%-аар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд цаашид ч энэ өсөлт үргэлжилнэ гэж аялал жуулчлалын салбарын эрдэмтэд тооцоолж байлаа. Гэвч энэ таамаглалыг дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID-19 нурааж дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар хүнд байдалд ороод байгаа билээ.
Тэгвэл энэ цаг үед аялал жуулчлал судлаач, МҮИС-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн захирал С.Мөнхнасан аялал жуулчлалын салбарын боловсролын асуудлыг хөнджээ. Тэрээр монголчуудын аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэхгүй бол дотоодын аялал ч хөгжихгүй гэдгийг онцолж байна.
Аялал жуулчлал судлаач, МҮИС-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн захирал С.Мөнхнасан:
Дэлхий нийтээр цар тахлын өмнөх ба дараах аялал жуулчлал гэдэг харилцан ялгаатай асуудал хөндөгдөж байх энэ үед аялал жуулчлалын таатай үе эхэлж дотоодын аялагчдын урсгал хэзээ мөдгүй зад тавин урсах дөхөөд байна.
Гэвч дотоодын аялал жуулчлал хөгжиж байна гэдгийг зөвхөн аялагчдын тоо, урсгал нэмэгдсэнээр хэмжих үү гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь дотоодын аялагчдын тооны өсөлтийг дагаад орон нутагт орох орлого нэмэгдэх эсэх, тэднийг хүлээн авч үйлчлэх үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээ дээшлэх эсэх, байгалийн болоод түүхийн дурсгалт газруудын хамгаалалт сайжрах эсэх нь туйлын эргэлзээтэй асуудал юм.
Эхнээсээ ч аялагчдын замбараагүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй байдал байгалийн үзэмжит байдал, түүх соёлын дурсгалд сөргөөр нөлөөлөөд эхэлснийг та бүхэн сошиал сүлжээнд тавигдсан халагламаар олон зураг, постуудаас харсан биз ээ.
Нөхцөл байдал иймдээ тулсан тул аялал жуулчлал судлаачид бидний хувьд бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол, дотоодын аялагчдын ухамсрыг дээшлүүлэх талаар судалгаанд суурилсан санал, бодлогыг дэвшүүлэх шаардлагатай болоод байна.
Тэгвэл “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” гэж юуг хэлээд байна вэ?, Монгол улсад ямар арга замаар хэрэгжүүлэх боломж байгаа талаар судлаачийн үүднээс байр сууриа илэрхийлье.
...Төрийн зүгээс бүх нийтээр эзэмшвэл зохих боловсролын талаар ихээхэн анхаарч “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” бодлогын баримт бичигт томоохон зорилтууд дэвшүүлсэн билээ.
Ерөнхий боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх ойлголтын зэрэгцээ бүх нийтээр эзэмшвэл зохих санхүүгийн боловсрол, эрхзүйн боловсрол, экологийн боловсрол, эрүүл мэндийн боловсролын тухай асуудлууд урган гарч үүнийг зохицуулах олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Эдгээрийн нэгэн адил “Бүх нийтийн Аялал жуулчлалын боловсрол” хэмээх ойлголтыг нэг мөр тодорхойлж аялал жуулчлалын харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг томъёолон үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг боловсруулах зайлшгүй шаардлагатай цаг үетэй тулгараад байна.
Иймд “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” гэдэг нь хувь хүн тухайн эдийн засаг, нийгэм, байгалийн нөхцөл байдалд тохируулан аялал жуулчлалын харилцаанд оролцох мэдлэг, чадвар болон хандлагын цогц хэмээн тодорхойлох саналтай байна.
Өөрөөр хэлбэл, энэ нь аялал жуулчлалын мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос гадна аялал жуулчлалын харилцаанд оролцож буй нийт хүүхэд залуус, ахмадуудын хувьд нас, хүйс харгалзахгүйгээр эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварын асуудал юм.
Бүх нийтийн аялал жуулчлалын боловсролын асуудал нь зөвхөн аялагчдын байгальд хог тарихгүй байх тухай асуудал биш бөгөөд аялал жуулчлалын харилцаанд оролцож буй хэрэглэгч, нийлүүлэгч алин болох талаасаа хамааран зөв үйлчлүүлэх, зөв зочлох тухай соёл, ёс зүй, ухамсарын олон талыг багтаасан хувь хүн, гэр бүлийн хүмүүжлээс эхлээд төрийн хэмжээнд анхаарвал зохих цогц ойлголт юм.
Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөж ирсэн байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, бусдыг хүндлэх, зочлох тухай асар нандин өв соёл, уламжлал бий. Гэтэл бид түүнийг умартаж “Монгол хүн Монгол нутагтаа хаана хонож, юу хийх нь миний дур”, “Монголын газар шороог чи өмчлөө юу” гэсэн атгаг бөгөөд аархуу, ухамсар муутай зангаасаа болон ирээдүй хойч үедээ үлдээх байгаль, түүх, соёл уламжлалын өвөө сүйтгэж, уландаа гишгэж буй нь туйлын харамсалтай.
Яавал бид аялах танин мэдэхүйн хэрэгцээгээ хангасан ч байгаль, түүх соёлоо хэвээр нь үлдээх вэ? Нөгөө талаас аялал жуулчлалыг хэрхэн эдийн засгийн ТУЛГУУР 3 САЛБАР-ын нэг болгож хөгжүүлэх вэ? зэрэг олон асуултуудын хариулт нь “Аялал жуулчлалын боловсрол” хэмээх ойлголтонд багтаж байгаа юм.
Хүн бүхэн математикч болох албагүй ч хүн бүр АЯЛАГЧ болдог.
Энд дурьдаж буй “Аялал жуулчлалын боловсрол” хэмээх ойлголт нь бүх нийтээр эзэмшвэл зохих аялал жуулчлалын суурь боловсрол ба нөгөө талаас аялал жуулчлалын салбар дахь мэргэжлийн болон дээд боловсролын асуудлыг хамарсан өргөн асуудал гэдэг нь харагдаж байна.
Хүний хэрэгцээний тухай Маслоугийн онолд (Maslow’s Hierarchy of Needs 1943) дурьдсанаар хүний танин мэдэхүйн хэрэгцээг өөрөө өөрийгөө танин мэдэх, байгаль дэлхий, соёлын ялгаатай байдал, өв уламжлал, дурсгалыг танин мэдэх гэж ангилсан байдаг.
Өөрөөр хэлбэл, хүний унтах, идэх зэрэг физиологийн хэрэгцээ, аюулгүй байх, хайрлаж дурлах хэрэгцээний нэгэн адил өөрийгөө болон бусдыг танин мэдэх нь хүний бас нэгэн хэрэгцээ бөгөөд эндээс л нэг талаас аялах, жуулчлах, нөгөө талаас түүнд үйлчлэх, энэ харилцааг нь зохицуулах төр, эрхзүйн харилцаа зэрэг олон талт асуудал үүсч үүнийг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ хэмээх шинжлэх ухаанаар судалдаг.
Монголчууд бид ч мөн үүний нэгэн адилаар аялах, танин мэдэх хэрэгцээгээ хангахын тулд дотооддоо болон гадаад улс орнуудруу аялаж, зөрүүлээд Монгол орныг танин мэдэхийг хүссэн гадаадын жуулчдыг эх орондоо хүлээн авдаг соёлын болоод бизнесийн урсгалд хөл тавиад нэгэн жарныг үдээд байгаа билээ.
Гэтэл дотоодын аялагчдын боловсролыг дээшлүүлэхийн тулд, жуулчдад хандах иргэдийн хандлага, чадварыг сайжруулахын тулд нэгдсэн бодлогоор, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ажиллах төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт дутагдалтай хэвээр байна.
Ийм учраас бүх нийтээр эзэмшвэл зохих аялал жуулчлалын суурь боловсролыг албан ба албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан заавал эзэмшүүлэх шаардлагатай байна.
СУИС-ийн багш Ph.D Б.Мөнхбадралын тодорхойлсоноор бүх нийтэд аялал жуулчлалын суурь боловсролыг олгосоноороо Монгол ёс заншил, өв уламжлалаа хадгалан авч үлдэх, түүх соёлын дурсгалаа хамгаалах “Үндэсний дархлаа”-г бий болгоно гэсэн үг юм.
Уриалах нь:
Хариуцлагагүй ЗЭРЛЭГЭЭР ЗУГААЛАХАА больж зөв аялаж сурцгаая!
Бүх нийтээр эзэмшвэл зохих АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ түгээн дэлгэрүүлье!
Гадаадын жуулчдыг улс орон, яс үндэсээр нь гадуурхалгүй ТЭГШ ХАНДАЖ зочлон угтъя!
Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн газраар зорчихдоо ЗӨВ БОЛОВСОН ХАРИЛЦЪЯ!
Төрөлх Монгол орноороо аялахдаа хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль, түүх, соёлын дурсгалаа ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ!
Монгол хүн бүр үндэснийхээ өв соёлыг хайрлан хамгаалж, бахархан түгээх ДАРХЛАА-гаа бэхжүүлцгээе!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МҮИС-гэж нэг хульхины хулгайч сэтгэлгээтэй сургууль байна. Ичихгүй МУИС гээд бичүүлж байдаг. Харьцуулшгүй хоёр өөр чанар шүү!
Eh orondoo duraara amarch bolhoo baichhashivde naad aylaliin bolovsroloo orchingn burduulj baij yrisan n deer gadaad hariltsa gadni zuulchid deere heregjuul. Mongolchuud hogoo hayha boliod l bolchno
Орчноо бүрдүүлж стандарт дэлхийн жишиг ярих
Баярлалаа