Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээний хариуг танилцуулна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Дэлхийн 216 оронд нийт есөн сая халдварын тохиолдол илэрч, 483 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 162 мянган шинэ тохиолдол илэрч, 4000 хүн эндсэн мэдээлэлтэй байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 7176 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 43-138-аар нэмэгдлээ.
Манай улсад 338 хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн, 22 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 2458 хүн ажиглалтын байранд байна. Эдгээр иргэдэд 63 их эмч, ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өчигдөр Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нийтдээ 262 хүн ирснээс нэг хүнийг ХӨСҮТ-д, хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь тусгаарлах байруудад хуваарилжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-2020 оны зургадугаар сарын 24-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид 333 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 332 сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй.
Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг зорчигчоос вирус илэрсэн нь батлагдлаа. 64 настай эмэгтэй хүн ХӨСҮТ-ийн эмчилгээнд оров.
Мөн нэг хүн эдгэрч дараагийн шат руу шилжсэн сайн мэдээтэй. Ингэснээр батлагдсан тохиолдол 216 болж, эдгэрсэн 169, эмчлэгдэж буй 47 иргэн байна. Биеийн байдал хөнгөн 41, хүнд зургаан иргэн байна.
Мөн өнөөдөр Москва-УБ чиглэлийн нислэгээр 114 хүн эх орондоо ирсэнээс сэжигтэй гэж үзсэн гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.