ОХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан түүхэн үйл явдлын 75 жилийн ойн баярыг тавдугаар сарын 9-ний өдөр тэмдэглэх ёстой байсан ч коронавирусийн халдварын тархалт эрчтэй нэмэгдэж байсан тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар баярын жагсаалыг Москвагийн цагаар өглөөний 10 цагт Улаан талбайд зохион байгуулж байгаа бөгөөд цэрэг армийн 13,000 бие бүрэлдэхүүн, 234 зэвсэгт техник, нисэх хүчний 75 онгоц оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:
Зөвлөлт холбоот улсын ард иргэдэд Нацизм ямар хор хөнөөл учруулсныг бид үргэлж санах болно. Улаан арми тэднийг зогсоогоогүй бол дэлхийд юу тохиолдох байсныг таашгүй. Олон оронд байгаа Аугаа эх орны дайны ахмад дайчдад гүн талархлаа илэрхийлж байна. Та бүхний баатарлаг үйлсийг хэзээ ч мартахгүй байхын тулд бид чадах бүхнээ хийх болно. Энэ бол бидний хариуцлага юм.
Баярын жагсаалтай зэрэгцэн хойд хөршид коронавирусийн халдварын тохиолдол 600,000-д хүрсэн тухай мэдээллээ. Мягмар гарагийн байдлаар сүүлийн 24 цагт коронавирусийн 7,425 шинэ тохиолдол бүртгэгдэж, 153 хүн нас баржээ. Ингэснээр тус улсад цар тахлаар нас барсан нийт 8,359 иргэн бүртгэгджээ. Оросын Засгийн газар хатуу чанга хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байсан ч энэ сараас эхлэн хорио цээрийг суллаад байгаа юм.
Уригдсан зочдын дунд ЗХУ-ын түнш байсан Хятад, Монгол, Серби зэрэг улсуудын төлөөлөгчид багтсан талаар ВВС мэдээлэв. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын дарга Си Зиньпин нар тавдугаар сарын 9-ний жагсаалд уригдсан байсан ч товлосон хугацаанд жагсаал болоогүй тул цуцлагдсан. Харин Серби, Беларусийн төрийн тэргүүнүүдээс гадна Европын удирдагчид өнөөдөр Улаан талбайгаас баярын жагсаалыг үзэж сонирхоно хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Путины хувьд өнөөдөр болох баярын жагсаал тун онцгой. Учир нь энэ долоо хоногт улс орон даяар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалт явуулна. Уг бүх нийтийн санал хураалтаар Путин 2024 он дуустал төрийн эрхэнд байх эсэхийг шийдвэрлэх ажээ. Одоо байгаа Үндсэн хуулиар төрийн тэргүүний суудалдаа суух хугацаа нь дуусч байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.