Иэйн Каннинхэмийн энэ хорвоод мэндэлсэн нь ээжийнх нь үхэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж үргэлж сэтгэлээ чилээдэг нэгэн юм. Гэвч үнэн хэрэгтээ яг юу болсон талаар гэр бүлийнхэн нь түүнийг насанд хүрэх хүртэл нууцалсаар иржээ. Эцэст нь тэр ээж нь хэн байсныг, яагаад нас барсныг олж мэдсэн байна...
Каннинхэм 18 насныхаа төрсөн өдрөөр тоосонд дарагдсан, нууцлаг нэгэн хайрцгийг эцгээсээ авчээ. Энэ мөчийг тэр хэзээ ч мартахгүй хэмээн өгүүлсэн байдаг. Нас биенд хүрсэн төрсөн өдрөөрөө тэр анх энэ хайрцагнаас ээжийнхээ зургуудыг, эд зүйлсийг нь харжээ. Хайрцагт Иэйнийг дөнгөж төрсний дараа ээжийнх нь хөтөлсөн анхны тэмдэглэл байв. Энэ бүхэн түүнд ямар нэгэн хоосон орон зайг дүүргэх шиг, нууцлаг түүхийн хуудсууд шиг санагджээ.
Иэйний ээжийг Ирене гэдэг байв. Түүний аав Дон 18 настай байхдаа Иренетэй анх учирсан байна. Ирене түүнээс нэг насаар эгч, Нуньетон оёдлын үйлдвэрт, харин Дон Данлопын үйлдвэрт нисэх онгоцны тоормозны хэсэгт ажилладаг байв. Залуу хос амьдралаа холбохоор шийдэн гэрлэж, үүнээс хойш хэдийн жилийн дараа Их Британид эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй хүндхэн болжээ. Эдгээр хүнд жилүүдэд тэд анхны хүүхдээ угтаж авахаар бэлдэж байсан нь Иэйн юм.
Хос шинэхэн хүнээ угтаж авах гэж байгаадаа чин сэтгэлээсээ баяр жаргалтай байсан боловч 1976 оны нэгдүгээр сард Иэйнийг төрснөөс хойш байдал төсөөлж байснаас эсрэгээрээ эргэв. Тэр эмнэлэгт амаржаад гарахдаа сайн найзыгаа байгаа мэтээр төсөөлөн хий юм харж эхэлсэн байна. Удалгүй нялх хүүгээ тэврэн гэртээ ирээд унтаж чадахаа больж, этгээд хачин зүйл тэмдэглэн үлдээх болжээ. Ээждээ хандан “би Ирене биш, та мэдэж байгаа, би Иренегийн сүнс” хэмээн хэлэх болсон байна.
Дон түүний энэ байдлыг хараад эмнэлэгт үзүүлэхэд төрсний дараах үеийн сэтгэл санааны гутрал гэж оношлогджээ. Тэр орон нутгийн эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчилгээнд орж эхэлжээ. Удалгүй түүний байдал улам бүр дордож цаг үргэлж орон дээр суун, ямар нэг зүйл ширтэж, команд орсон мэт хөдөлгөөнгүй болж, заримдаа зогсолтгүй жигнэмэг нэхэн идэх болжээ. Иренег эмнэлэгт байх хугацаанд Донд бяцхан хүүгээ асрахад гэр бүлийнхэн, хөршүүд нь ихээхэн тусалдаг байв.
Эмч нар түүнд эхнэрийнх нь биеийн байдлын талаар тодорхой хэлдэггүй байжээ. Иренег сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн нэг кататонийн хам шинжээр өвчилсөн гэж үзэж байв. Ирене эмнэлэгт бараг есөн сарыг өнгөрөөжээ. Үүний дараа тэр гэртээ ирж, бяцхан хүү, нөхөртэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, кафегаар зочилж, найзуудтайгаа уулзан алхдаг болов.
Харамсалтай нь удалгүй Иренегийн өвчин хүндэрлээ. Тэр өдөр шөнийн алинд ч унтахаа больж, зогсолтгүй ярьсаар, удалгүй дахин эмнэлэгт хэвтжээ. Энэ явдлаас хойш гурван сарын дараа аравдугаар сарын жихүүн өглөө Доны үйлдвэр рүү дүү Том нь залгаж аймшигт мэдээ дуулгасан нь Ирене нас барсан байв. Эмнэлгээс Ирене зүрх нь хаагдаж нас барсан талаар хэлснээс чухам яагаад, юу болсон талаар огт тайлбар өгөөгүй ажээ.
Энэ хооронд өсч том болж буй Иэйн ээжийгээ санаж, ээжийнхээ үхлийн талаар хар дарах болжээ. Тэр одоо ч хар дарсан зүүдэнд нь үзэгддэг эмнэлгийн хонгилыг мартаагүй байна. Иэйний аав ээжийг нь нас барснаас хойш Жудит гэх эмэгтэйтэй танилцаж, хожим гэрлэсэн хэдий ч тэр нэгэн төрсөн өдөр хүртлээ ээжийнхээ тухай яриаг сонсолгүй 15 жилийг туулжээ.
Иэйн 30 нас гарч эхнэр хүүхэдтэй болсныхоо дараа ээжийгээ эргэн дурсаж түүнийг чухам хэн байсныг судалж, хоосон орон зайг нөхөхөөр 18 насныхаа төрсөн өдрөөс хойш анх удаа ааваасаа Иренегийн түүхийг хадгалсан хайрцгийг дээврийн хөндийгөөсөө буулгаж өгөхийг хүсчээ. Тэр ээжийг нь таньдаг мэддэг хүмүүстэй холбоо барьж эхлэхэд дотны найзууд, төрөл садангууд нь гарч ирсэн байна. Хүмүүс Иэйнийг ээжтэйгээ тун адилхан харагдаж байгааг гайхжээ.
Ээжид нь чухам юу тохиолдсоныг Иэйн мөшгиж, өвчний түүх, эмнэлгийн баримтуудыг ухав. Үр дүнд нь Ирене төрсний дараах сэтгэцийн өөрчлөлтөөр өвчилсөн нь гарцаагүйг орчин үеийн эмч мэргэжилтнүүд хэлжээ. Магадгүй энэ өвчний эсрэг эм түүний зүрхийг гэмтээж, хордуулсан байж болох юм.
Иэйн ээжийнхээ дурсгалд зориулан “Иренегийн сүнс” гэх бүтээлээ 2018 онд туурвин, өөрөө найруулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхий манайхаар бол сав нь хөөрсөн байх
Хөөрхий манайхаар бол сав нь хөөрсөн байх
Muu yum dagasan baihoo.suns n zailsan hund eldev yum haragddag gesen shu
Saw huurch galzuurahiig baria edgeedeg bsn gesen.