2011 онд Антарктидаас олдож одоо Чилийн музейд хадгалагдаж байгаа 68 сая жилийн настай, хөлбөмбөгийн хэмжээтэй өндөгний нууцыг эрдэмтэд шинэ судалгаагаар нээжээ. Уг олдворыг судалсан эрдэмтэд энэхүү чулуужсан өндгийг үлэг гүрвэлийн үед Антарктидын нутагт амьдардаг байсан далайн хэвлээр явагч амьтны зөөлөн бүрхүүлт өндөг гэж тогтоосон байна.
Чилийн эрдэмтэд анх уг өндгийг олоод, ямар гаралтайг нь тогтоож чадахгүй байсан хэдий ч энэ удаагийн шинэ судалгааны үр дүнгийн ачаар далай тэнгисийн амьтдын хувьслын талаар илүү ихийг олж мэднэ гэж үзэж байгаа аж.
Олдвор дээр ажиллаж буй Техасын их сургуулийн эрдэмтэн Лукас Легендре зөөлөн бүрхүүлтэй өндөгний олдвор сайтар хадгалагдаж үлдсэн байдалтай олдох нь маш ховор тохиолддог гэдгийг онцлов. Тэрээр “Энэ өндөг бол урьд өмнө нь олдож байсан хамгийн том хэмжээтэй зөөлөн бүрхүүлтэй өндөг юм. Бид энэ төрлийн өндгийг ийм том хэмжээнд хүрдэг гэдгийг мэддэггүй байсан. Үүний дээрээс энэ өндгийг аварга том далайн хэвлээр явагчийн өндөг гэж тооцож үзэхэд бидэнд тэдгээр амьтдын үржлийн стратегийн талаарх өвөрмөц ойлголт үүсч байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл уг судалгааг хийсэн эрдэмтэд энэхүү өндгийг үлэг гүрвэлийн өндөг биш гэж үзэж байгаа юм. Антарктидад амьдардаг байсан үлэг гүрвэлүүд ийм том өндөг гаргах боломжгүй жижиг хэмжээтэй байжээ. Судлаачдын бодлоор өндөг балар эртний үед Антарктидын нутаг дэвсгэрт амьдарч байсан Мосасавр нэртэй хэвлээр явагч бүлгийнх байсан аж.
Эрдэмтэд эртнээс л үлэг гүрвэлүүдийг зөвхөн хатуу бүрхүүлтэй өндөг гаргадаг гэж үзсээр ирсэн. Тэгвэл Монгол улсаас олдсон хэсэг бүлэг олдворын судалгаа энэхүү таамаглалыг өөрчилж магадгүй байна.
Протосератоп үлэг гүрвэлийн үр хөврөлийн үеийн хэсэг чулуужсан олдворыг Монголоос олж илрүүлэн, гаргаж авах ажилд оролцсон Америкийн байгалийн түүхийн музейн Палеонтологийн захирал Марк Норелл яагаад зөвхөн хожуу үеийн үлэг гүрвэлүүд өндөглөдөг байсан талаар таамаг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар энэхүү дүгнэлт үүсэх болсон шалтгаан нь эртний үлэг гүрвэлүүдийн зөөлөн бүрхүүлтэй өндөгнүүд устсанаас болсон гэнэ.
Энэхүү онолыг туршиж үзэхийн тулд Норелл ба түүний хамтрагчид Монголын Протосератопын олдворын араг яс болон төрөөд удаагүй байгаа Мосасаврын хоёр чулуужсан олдворт дүн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнд Протосератоп үлэг гүрвэлүүд зөөлөн өндөгний бүрхүүлээр хүрээлэгдсэн болохыг батлах химийн ул мөр олдсон байна.
Ийнхүү Марк Норелл ба түүний багийн судалгаа Антарктидад олдсон зөөлөн бүрхүүлт өндөг далайн хэвлээр явагч амьтных гэсэн дүгнэлтийг өөрчилж магадгүй байгаа юм. Үүний тулд уг өндөг дээр дахин шинэ шинжилгээ хийх шаардлагатай. Тус шинжилгээний үр дүнд үлэг гүрвэлийн тухай бидний мэдэх зүйлс өөрчлөгдөхөд хүрч болзошгүй билээ.
Эх сурвалж: somagnews.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.