2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр...
Хоёр жилийн өмнөх энэ өдөр удирдагч Ким Чен Ирийн отгон охин Ким Ё Жон эцгийнхээ таамаглаж байсанчлан хүчирхэг улс төрч болох анхны алхмаа хийжээ. Энэ өдөр Ё Жон Солонгосын дайнаас хойш хойгийн өмнөд нутагт хөл тавьсан удам залгасан удирдагчийн гэр бүлийн анхны гишүүн болов.
Тэр Өмнөд Солонгосын Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож, Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ард сууж хоёр Солонгосын тамирчид нэгдсэн нэг туган дор жагсан орж ирэхийг харжээ. Тэр яг л олон улсын тавцанд удаан бэлтгэгдсэн туршлагатай улс төрч шиг Мүн, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй адил алга ташин баяр хүргэж дургсалын зураг татуулав.
Маргааш нь Ё Жон Хөх ордонд хөл тавьсан Кимийн гэр бүлийн анхны гишүүн болжээ. Тэр толгой өөд татан өөртөө итгэлтэйгээр улаан хивсэн дээр алхав. Ким Ё Жон Өмнөдөд айлчлах үедээ тэргүүний ухуулагч байсан бөгөөд эх орондоо тагнан турших чадвараараа хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ажээ.
БНСУ-ын хууль тогтоогч, Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга байсан Пак Жи Вон дөрвөн ч удаа Ким Ё Жонтой уулзаж байжээ. Тэрээр залуу бүсгүйн ухаан, өөртөө итгэлтэй байдлыг онцлон дурссан байна. “Тэр аав, ахынхаа дараа улсаа удирдах байх. Маш ухаалаг, түргэн сэтгэдэг, гүйлгээ ухаантай. Байр сууриа тодорхой илэрхийлэх чадвартай, найрсаг зантай” хэмээн залуу бүсгүйг тодорхойлжээ.
Ким Ё Жоны гурав хоногийн турш Өмнөдөд саатсан нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон ах Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой байв.
2020 оны тавдугаар сарын 31... 13:00 цаг
“Умард Солонгосыг чөлөөлөх байлдагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн тэмцэгчид хоёр Солонгосын дундах зэвсэггүйжүүлсэн бүсийн ойролцоо Өмнөд Солонгосын хил дээр цуглав. Умард Солонгосоос эсэн мэнд оргон зугтаж чадсан тэдгээр тэмцэгчид шөнө дунд болохыг хүлээсээр эцэст нь 500,000 суртал ухуулгын хуудас, 20 орчим агаарын бөмбөлөг, 1,000 SD карт, 500 жижиг товхимол хил давуулан илгээсэн нь удирдагч Ким Жон Уны зөвлөхүүдийн уур бухимдлыг төрүүлэх нь гарцаагүй байв.
Тэд Умардын дэглэмийг буруушааж, гадаад ертөнцийн талаарх мэдээллийг нутагтаа үлдсэн иргэдэд хүргэх зорилго тээсээр иржээ. Гадаад ертөнцийн талаарх мэдээлэл бол хаалттай Умард Солонгосын хувьд хорт вирустэй ижил бөгөөд хурдан тархдаг, нийгмийг донсолгож чадах ажээ.
Өмнөд Солонгосын дипломат ажилтан байсан Чун Юн Вүгийн хэлснээр “удирдагчийн гэр бүлийг хамгийн их айлгаж байгаа зүйл нь өөрсдийнхөө талаар, дэглэмийнхээ талаар, гадаад ертөнцийн талаарх үнэнийг ард түмэн мэдэхвий гэсэн айдас” хэмээн хэлжээ.
Мэдээж энэ явдалд Ким Ё Жон хариулт өгөх үүрэгтэй. Тэр 2018 оны дөрөвдүгээр сард хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар харилцан тохирсон зөвшилцлийг илтэд зөрчсөн явдал хэмээн уурсан буруушаалаа. Ердөө 32 настай хэмээн тааж буй Ё Жон эрс шийдэмгий үйлдэл хийж харилцаа холбоог бүрмөсөн тасалж, Өмнөд Солонгосын найман сая ам.долларын хөрөнгөөр байгуулсан хамтын харилцаа холбооны газраа дэлбэлж устгасан билээ. Тэр Өмнөдийн Засгийн газарт хандан урван тэрслэгчдийг шийтгэхийг шаардав. Үүний хариуд Сөүл дэх эрх баригчид цагдаа нарт хандан тэдгээр хүмүүсийг шалган мөрдөх үүрэг даалгавар өгчээ.
Ким Ё Жон тоглоомын дүрмийг шинээр зохионо
Удирдагч Ким Жон Уны АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн анхны түүхэн уулзалт амжилттай болсон хэдий ч хоёр дахь удаагийн уулзалтаар талууд бүтэлгүйтсэн гэдгийг дэлхийн нийтээрээ харсан билээ. Кимийн гэр бүл энэ талаараа ард иргэддээ тайлбар хийх шаардлагатай болсон. АНУ Умардын эдийн засгийг хавчин царцаасны дараа Ким Ё Жон тоглоомын дүрмийг шинээр зохиож магадгүй хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна. Түүний үйлдэл яг л Умард Солонгосын хуучны, хашир туршлагатай, шилдэг тоглогчтой төстэй хэмээн дүгнэжээ.
Бяцхан Ё Жоныг хүүхэд байхад нь эцэг Ким Чен Ир нь ОХУ-ын дипломат төлөөлөгчтэй уулзах үеэрээ отгон охин нь улс төрд тоглолт хийх онцгой авьяас чадвартай гэдгийг онцлон хэлж, магадгүй ирээдүйд улсын шилдэг удирдагч болно хэмээн таамаглаж байсан удаатай. Түүх түүний үнэн байсныг батлан харуулж байна.
Умард Солонгост эмэгтэйчүүд ихэвчлэн эхнэр, ээжийн үүрэг гүйцэтгэдэг бол залуухан бүсгүй тоглоомын дүрмийг зохиож эхэлж байгаад дэлхийн судлаачид анхаарлаа хандуулж байгаа юм. Тэр сар сараар шинэ цол хэргэм хүртэж, шинээр байр сууриа бататгаж, үүрэг хариуцлага нь өсөн нэмэгдсээр байна хэмээн АНУ-ын Төрийн департаментын Ази судлаач байсан эрхэм Ревер ярьжээ.
Тэртусмаа 2020 он гарснаас хойш түүний ах Ким Жон Ун удаа дараалан удаан хугацаагаар олон нийтийн өмнө гараагүй нь жингийн илүүдэлтэй, согтууруулах ундаа, тамхи ихээр хэрэглэдэг түүний биеийн байдал сайн байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Ах нь олон нийтийн өмнө гарах нь багасч дүү нь олны анхааралд илүү өртөж байгаа нь Умард Солонгосын шинэ удирдагч, залгамжлагч бэлэн болсныг илтгэж байж магадгүй билээ.
Ё Жон ахтайгаа Швейцарьт хамт амьдарч, хүүхэд насаа өнгөрөөсөн бөгөөд тэд багадаа ээжийгээ алдаж насанд хүрсэн томчуудын дунд хүүхэд насаа үдсэн учир тун төстэй зан ааштай, ойр дотно холбоотой ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.